Н.Номтойбаяр "юмтай" болжээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үүсээд байгаад нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Би тэр өдөр "Шинэ дэлхий" телевизийн Н.Энх-Эрдэнэ, сэтгүүлч Н.Батзориг, Монголын үндэсний телевизийн захирал асан Н.Ариунбат нарын хүмүүстэй ажлын шугамаар уулзаж байсан. Харин Н.Нямдоржийн хувьд бол бид найзууд. Гэхдээ над руу дайрч танхайрсан үеэс нь би түүнийг танихгүй. Товчхондоо хэлэхэд 14 жил шоронд сууж, өөрийгөө хэрхэн хамгаалах, хямд аргаар амьдралаа залгуулах талаар суралцсан хүн. Харин миний хувьд 14 жил хоёр ч их сургууль дүүргэж, төрийн байгууллагад долоон жил ажиллаж, өөрийгөө яаж хөгжүүлэх, өрөөл бусдад хэрэгтэй байх талаар эрдэмд суралцаж яваа хүн. Ийм л ялгаатай" гэв.

Мөн “Н.Нямдоржийг миний биед халдсан хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж өгнө үү хэмээн өргөдөл гаргасан" гэлээ. Гэвч энэхүү ярианы араас үргэлжлүүлэн “Миний биед ямар нэгэн мэс хүрсэн зүйл байхгүй. Мөн гэмтэж бэртсэн зүйл ч байхгүй” гэв. Ийнхүү өөрт нь халдсан учир цагдаагийн байгууллагад хандсан гэсэн мөртлөө миний биед ямар нэгэн мэс хүрээгүй бөгөөд тийм зүйл болоогүй гэсэн тайлбарыг өгч байгаа нь хачирхалтай. Лав л эрүүл саруул хүний амнаас ийм авцалдаагүй үг гарахгүй.

Түүнчлэн тэрбээр “Хариуцлагатайгаар хэлэхэд өнгөрсөн сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт хутга гаргаж, танхайрсан зүйл байхгүй. ЦЕГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн мэдээлсэн нь аливаа асуудалд эрт хандаж, мэдээлсэн зүйл" гэх тайлбар нэмж хэллээ.

Үнэхээр манай хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийж чадахгүй байна уу, аль эсвэл эрхэм гишүүн хэргээ хүлээхээс бултаж байна уу гэдэг асуулт хэвлэлийнхний дунд ийн үлдэж байна.

Угтаа бол түүнд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн Н.Номтойбаяр гишүүнийг өнөөдөр мэдүүлэг өгөхийг шаарджээ. Харин тэрбээр "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж, мэдүүлэг өгнө" гэж байсан юм.

Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн асуудал үүссэн болоод л түүнээс мэдүүлэг авч байгаа. Харин гишүүний ярьж байгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа шиг тийм зүйл болоогүй гэсэн утгагүй тайлбарыг хийсээр танхимаас гарч одов. Н.Номтойбаяр гишүүн "юмтай" болоо юу даа.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ