Гурван Удвалын тавилан

Удвал гэдэг сайхан цэцэг буй. Ийм нэртэй хүмүүс ч бий. Хувь заяаны эрхээр түүнтэй “амьдаа” бологсод тэрхүү цэцэг мэт дэлгэрч, одтой явдаг нь зүйн хэрэг биз.
XX зууны “Мандухай цэцэн” буюу Сономын Удвал
Энэ эрхмийн товч намтрыг гүйлгэн харахад л өөрийгөө голох сэтгэл төрөх нь хачин. Бид ийм юм сэтгэж чадахгүй гэж үү гэх бодол. Тэгтэл өөр аж. Их хүн, түүний хувь заяа их өмнөө юм. Төрснөөсөө л төөрөг нь тэс өөрөөр явдаг бололтой. Өнгөрсөн зууны Монголын төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч Сономын Удвалыг тухайн үеийн сэхээтнүүд, тэр дундаа зохиолчид, бүр “акулууд” нь дотроо сэмхэн “Манай Ма” гэдэг байснаа, “Мандухай цэцэн хатан” кино гарсны дараа ил тодоор “ХХ зууны Мандухай цэцэн” гэлцэх болсон гэдэг. Цагийг эзэлсэн эл агуу эмэгтэй Ардын хувьсгалтай чацуу агаад Булган аймгийн Дашинчилан суманд төржээ.
Эцэг, эх нь Чоймбол, Цэдэн гэдэг хүмүүс байж. Тэд бичиг үсэгтэй бөгөөд зарим эх сурвалж, эх Цэдэн нь, эцэг Чоймболд нь богтлогдон очсон, хориод насны зөрөөтэй байв хэмээжээ. Энэ нь ч магадлалтай мэт. Улмаар эх нь намд элсэн/1923/, Чоймболоос салж, Өмнөговь аймгийн Борын Соном гэдэг хүнтэй сууснаар хойт эцгээрээ овоглох болсон нь дээрхийн баталгаа биз. Тун удалгүй эх нь нас барж, хойт эцэг нь дахин гэрлэснээр маш хүнд амьдралд нухлагджээ. С.Удвал өөрийн намтартаа “Лүн сум, Улаанбаатарт нэг, нэг жил сургуульд суусан” гэжээ. Төрөлхийн авъяас билиг төгөлдөр нэгэн учраас бичиг үсэг сайн сурч, долоон настайгаасаа тал бичээч болсон гэх. Ингээд, 1932 оноос Өмнөговь аймгийн яам, Цэргийн хэлтэс, Намын хооронд тал, удалгүй Улаанбаатарт ирээд, эвлэлийн байгууллагын даалгавраар Дотоод яамны гал командад бүтэн бичээчээр ажилласан нь өнчин, ядуу хүнд нормын дүрэмт хувцас олгодог, нөхөрсөг сайхан хамт олны дунд орсон зэрэг нь түүний тавиланг бүрэн эргүүлжээ. Хүн зурсан зураг, төрсөн төөргөөрөө явдаг нь үнэн гэлтэй. Тиймгүй бол тэр ийм амжилтад хүрэх нь тухайн үед ёстой бүтэшгүй зүйл билээ. Гал командад эмэгтэйчүүдийн зохион байгуулагчийн ажил эрхлэж байгаад 1941 онд Намын шинэ хүчний сургуульд орж, жилийн дараа ЗХУ-ын Дорно дахины их сургуульд суралцахаар одоод, дайн эхэлснээс Москвагийн хамгаалалтад байлцаснаа, сургууль нь хаагдсан тул 1944 онд нутагтаа ирж, Өмнөговь аймагт сонины эрхлэгчээр томилогджээ. Төдөлгүй Намын шинэ хүчний сургууль, Зөвлөлтийн Коммунист намын дээд сургууль дүүргэжээ. Эдгээрт суралцахын хамт Намын төв хэвлэлүүд,Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч, Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөл, Монголын зохиолчид хийгээд Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргаар ажиллажээ. Чухам шинэчиллийн гэхээр тэр үед Монголын эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх, суралцах, жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхчүүдийн ажлын цаг хорогдуулах, амралт, чөлөө олгох, хөнгөлөлт тэгэмж үзүүлэх зэргийг тухайн цагийн Төв хорооны тогтоолоор баталгаажуулан, хууль эрхийн систем бий болгоход оройлон оролцсон нь түүний үнэлж баршгүй гавьяа юм. Өнөөгийн өнцгөөс харвал хүний эрхийн төлөө жинхэнэ тэмцэгч гэхэд хилсдэхгүй байх. Тиймээс 1970-1980-аад онуудад төрийн яамдын нэг орлогч сайд, хүүхнүүд олонтой үйлдвэр аж ахуйн газрын дарга, захирлаар эмэгтэйчүүд томилогдон ажиллаж байж. С.Удвал тэр үеийн нам, төр, олон нийтийн томоохон байгууллагуудад сонгууль хүлээж, хамгийн өндөр албан тушаалд хүрсэн эмэгтэйн зэрэгцээ, утга зохиолын бүх төрлөөр чадамгай бичдэг зохиолч байснаараа, өөрийгөө дайчилж, зохиол бүтээл туурвиж, үр хүүхдээ өсгөх зэргийг зэрэгцүүлж болдгийг амьдрал дээр харуулсан үлгэр дууриалтай бүтээлч нэгэн байв. Өөрийн хувь заяаг удирдахын хажуугаар бусдын хувь заяанд үргэлж нөлөөлж асан нь түүний хэр агууг илтгэх биз. Ийм хүмүүн зуунд ганц төрдөг гэх нь ч бий. Цаг наргүй ажлынхаа хажуугаар “Ховор” хүмүүс зохиол, олон өгүүллэг, тууж, шүлэг, жүжиг, кино бичсэн төдийгүй Монголынтусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амь хайргүй тэмцсэн Хатанбаатар Магсаржав буюу Баатар Вангийн дүрийг бүтээсэн “Их хувь заяа” роман туурвисан юм. Түүгээр хийсэн киног үзээгүй монгол хүн үгүй биз. Олон улсад нэр хүндтэй эл эмэгтэй дэлхийн бусад орны шагналыг хамгийн олон хүртжээ. Дэлхий дахины энх тайвны Жолио Кюрийн нэрэмжит “Алтан медаль”, Ази-Африкийн зохиолчдын “Lotos” шагнал, ЗХУ-ын “Ард түмний Найрамдал” одон, БНМАУ-ын Төрийн шагнал, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Сүхбаатарын одон”-гоор тус тус шагнагдсан, өөрөөр хэлбэл өдий зэргийн гадаад дотоодын олон одон медалиар шагнагдсан өөр монгол эмэгтэй түүнээс өөр үгүй л болов уу. С.Удвал амьд сэрүүн ахуйдаа гавъяа шагналаар дутаагүй ч, уулын өндөр холдох тутмаа тодордгийн жишээгээр өнгөрсөн зууны хоёрдугаар хагасад Монгол эмэгтэйчүүдийг эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг, гоо үзэмж төгөлдөр бүсгүйчүүд болгох эхлэл, суурийг нь эрт тавих үйл хэрэгт ухамсарт амьдарлаа зориулсан, нийгмийн шаардлагаар бидэнд заяасан “түүхэн хүн”, чухам л “Зууны манлай удирдагч” эмэгтэй билээ. Харин түүнийг тухайн цагийнхаа НАХЯ-ны мэдээлэгч байсан гэх яриа бий. Батлагдаагүй сургаар юу ч хийх вэ дээ.
Монгол Пак Ын-Хэ буюу Нацагийн Удвал
Бидний бахархан дууриах дуртай улсын нэг нь Солонгос билээ. Азийн ардчилсан орны тоонд явдаг ч эцгийн эрхт ёсонд дэндүү хүлэгдсэн тэд өнгөрсөн сонгуулиараа Пак Ын-Хэ гэх эмэгтэйг сонгож, дэлхийн чихийг дэлдийлгэсэн юм. Бид ч түүнийг нь давтах шахав. Түүний гол баатар нь Н.Удвал гэдэг эмэгтэй түүхэнд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн явдал байлаа. Үүнийг түүхэн үйл хэрэг, нийгмийн шаардлага хийгээд үзэгдэл гэхээс яалтай. Нэг ёсондоо тэрбээр Монголын түүхнээ нэрээ алтан үсгээр мөнхөлж үлдээсэн хэрэг. Ийм хувь заяа баргийн байтугай аавын хүү, ээжийн охинд олдохгүй. Тиймээс түүнийг Солонгосын төрийн тэргүүн хатагтай Пак Ын-Хэтэй зүгээр нэг адилтгаагүй биз ээ. Энэ эрхэм Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1954 онд төржээ. Аймгийнхаа Тариат сумын 10 жилийн сургууль дүүргэн, Анагаах ухааны дээд сургуулийг Хүүхдийн эмчээр төгсчээ. Эрүүл мэндийн удирдлагын асуудлаар Тайландын Махидолын их сургуульд мэргэжил дээшлүүлж, Английн Манчестерийн их сургуульд “Эрүүл мэндийн удирдахуйн мастер”-ын, “Олон улсын эрүүл мэндийн тогтолцооны харьцуулсан судалгаа”-гаар анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг ч хамгаалсан байна. Эгэл эмчийн замаар ийнхүү замнаж асан тэрбээр гэнэт сонгуульт ажил хашаад явчихсан нь бас л хувь заяаны эргэлт юм. Хаана, ямар ч сургууль төгссөн байлаа жирийн эмчийн алба хаашаад насыг бардаг улс зөндөө.Тэгтэл тэр бурхны зарлигаар мэт дэвшив. Архангайн Хотонт сумын эмнэлгийн салбарын эрхлэгчээс НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн ажилтан, ЭМНХЯ-д Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Эрүүл мэндийн дэд сайд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны шугамаар Төрийн албаны бодлогын шинжээч, МАХН-ын Ёс зүйн хорооны дарга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гээд л яваад өгч.·Ингээд, өнгөрсөн сонгуулийн дараагаас шинэчиллийн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна. Үүнийг мөн л “Их хувь заяа” гэх бөлгөө. Түүнийг Н.Энхбаярын төлөө цогтой тэмцэгч, ЭМЯ-ыг дампууруулагч энэ тэр гээд ярьдаг л юм. Эмнэлгийн дарга нартай холбоотой “но” нь өдгөө ид өрнөж байгаа.
“Соён гэгээрүүлэгч” Лхамсүрэнгийн Удвал
Оюутолгой ХХК-ийн Сургалтын ахлах мэргэжилтэн, хатагтай Л.Удвалыг жирийн иргэний үүднээс сонгосон ч, түүнтэй уулзаад бас л жир бус эмэгтэй болохыг мэдэв. Улаанбаатарын уугуул тэрбээр тухайн үеийн Зөвлөлтийн гуравдугаар сургуульд сурснаар хувь заяа нь мөн л өгсөхийн замаар явжээ. Өөрөө их даруухан нэгэн юм. “Насаараа л боловсролын салбарт ажиллаа” гэснээс өөрийг яриагүй билээ. Москвагийн гэх тодотголтой Ломоносовын их сургуулийг геологич мэргэжлээр дүүргэжээ. Тэгээд Германд дэд доктор цол хамгаалан, АНУ-ын Режиссын их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. “Соросын сан”-д найман жил, Америкт дөрвөн он ажиллаад, одоо Оюутолгойд мэргэжилтэн хийж байна. Яриандаа үргэлж ажлаа дайх тэр ажилд орох хүүхдүүдэд зөвлөгөө өгөхөөр төрсөн мэт. Ер нь ажил нь ч тийм юм. “Эссэ бичихдээ анхаарах хэрэгтэй, голыг л бичих ёстой, манайхан тойрч давхиад байх юм. Мянга, мянган оюутан залууст тусалсан даа. Нэг ёсондоо соён гэгээрүүлэгч юм уу” гэсэн нь түүний амнаас гарсан хамгийн “даруу биш” үг байлаа гэхэд хилсдэхгүй. Энэ удаагийн “Гурван Удвалын тавилан”-гаар нэг иймэрхүү.
Г.Мөнхнасан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ