Зориггүй ардчилал

С.Зориг өнгөрөөд яг 15 жил болов. Харин С.Зориггүй ардчиллын жилүүдэд нөхөд нь түүнээс улам бүр холдсоор байна. Яагаад гэвэл тэд ашиг сонирхлоо эрэмбэлж чадахгүйд хүрч, анд нөхрийнхөө эрхэм үгийг ч гээсэн юм. 1998 оны гуравдугаар сарын 27-ны өдөр МҮАН-ын хоёрдугаар их хурлын VI хуралдаан эхэлж, Монгол Улсад анх удаа Засгийн газраа огцруулах тухай асуудал хурцаар хөндөгдөж байхад С.Зориг хурц шүүмжлэл бүхий маш санаа авууштай үг хэлсэн байдаг. Тэр “Бид засгийн эрхэнд гарангуутаа нэг синдром байдгийг ойлголоо. Цадах синдром. Засаглалдаа цадаж тайвшраад амьдрал нь сайжрах ч гэх юмуу, албан тушаал аваад тайвширсан уу бүү мэд, хамрынхаа урдахыг харахаа больчихдог... Дөрвөн ашиг сонирхлыг дараалж авч үзэх шаардлагатай. Манай эвсэл, манай нам аливаа шийдвэр гаргахдаа тэргүүн ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг тавья, хоёрт намын сонирхлоо тавья, гуравт аливаа нэг санхүү эдийн засгийн бүлэгт ордог бол бүлгийн сонирхлоо тавья, дөрөвт бид хувийн сонирхлоо тавья. Учир нь хүн өөрийн хувийн амьдралтай учраас хувийн сонирхол хэнд ч байдаг. Гол нь түүнийгээ бид нийт сонирхлын ямар дараалалд оруулах вэ гэдэг л чухал” гэсэн юм.
Харамсалтай нь АН-ын лидерүүдийн дунд ашиг сонирхлуудын дараалал 15 жилийн дараа С.Зориг агсны хэлсний яг эсрэгээр тавигджээ. Тэд ардчиллыг улаан цайм өмчилж эхлэв, намыг фракцуудад хувааж улам олон гишүүнтэй болохын төлөө хагалан бутаргаж эхлэв, улс орны эрх ашгийг сонгуулийн дөрвөн жилээр хуваан хэрчиж жижиглэв, ардчиллыг зөвхөн өнөөдрөөр хумьж, шинэ үеэ өсч өндийхийг битүүхэн нухчин дарсаар ирэв. Зориггүй ардчилал зовлонд унав. Монголын ардчиллын нүүр царай дотооддоо нүүр хийх газаргүй болсоор байна. Гадаад ертөнцөд газрынхаа баялгаар ч юмуу нүүр тахалсаар буйг нуухгүй.
Манай нийгэм 90 оны үеийнхээс хамаагүй олон найдвар тасарсан хүмүүсээр дүүрч байна. Эрх баригчдын хуурамч амлалт, гадаадынхантай сүлбэлдсэн ашигт малтмалын эн тэнцвэргүй наймаа, олон түмнээс айдаг арчаагүй дүр төрх, үр хүүхдүүддээ хөрөнгө мөнгөнөөс өөр юу ч өвлүүлж чадахгүй хайран нэр төр, өөрийгөө ядраасан найрсаг дүр төрх, уначих вий гэсэн юм шиг үргэлжийн айдас ард олны итгэл найдварыг үгүй хийсээр байна. Монголчуудын амны хишиг ар дээрээ гарч,турж үхэх дээрээ тулаагүй. Харин үндэсний манлайлагч үгүйлэгдэж, хувийн ашиг сонирхлынхоо хүлээсэнд баригдсан жижигхэн лидерүүд нүдний өмнө бие биеэсээ өрсөх гэж гүйлдсээр байгаа нь Зориггүй ардчиллын жилүүдийн өнгө төрх болов.
Тэр хамгийн сайн нь байсан. Тэр биднээс холдсоор. С.Зориггүй 15 жил гунигтай байна.
Х.Аянга
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ