Нууцаар хуралдуулж, мөнгө тараасан эрхэм

Ер нь энэ Ардчилсан намд юу болоод байна. Томчууд нь жигүүр байгуулан намынхаа удирдлагуудыгаа шүүмжилж байхад нийслэлийн намын хорооныхон суудлыг төлөө ширүүн тулаан өрнүүлж эхэлсэн. Гэтэл орон нутагт мөн энэ байдал давтагдаж байна. Угтаа бол орон нутгийн намын хорооны хурал тухайн бүс нутагтаа болох ёстой. Гэтэл Улаанбаатар хотноо хуралдуулдаг “том толгойтон” байна.

Тодруулбал өнгөрөгч амралтын өдөр Дундговь аймгийн Ардчилсан намын дарга “Total music” гэх тодотголтой С.Од-Эрдэнэ намын хорооны хурлыг Улаанбаатар хотод гэнэтхэн зарлаж, хүч түрэмгийлэн хуралдсан тухай эх сурвалжийн мэдээлэл байна. Өнгөрсөн оны Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдалд хүргэсэн С.Од-Эрдэнэ дарга намын дүрэм ёсоор огцрох ёстой. Гэвч суудлаасаа мултрахыг хүсээгүй эр өөрийн тойрон хүрээлэгчидээ хурлын зар дуулгаж, нууцаар шахуу хуралдан намын хороо, зөвлөлдөх зөвлөлийнхөө бүрэлдэхүүнд өөрчлөлт хийсэн гэнэ.

Ингэхдээ өөрд таалагддаггүй гишүүдээ дүрэм бусаар бүрэлдэхүүнээс хассанаас гадна хамгийн сонирхолтой нь хуралд ирсэн гишүүдийнхээ дунд өнөөх азтай үзэгчийн сугалаа гэдэг шиг сугалаа явуулж бэлэн мөнгө, мотоцикл зэрэг бэлэглэж тэрүүхэндээ жүжиг тавьсан байна.

Намын бусад нөхөд нь санаа авмаар сайхан хурал болсон бололтой. Хамгийн гол нь ирц бүрдээгүй хууль бус хурлыг хийж болохгүйг Төв намын хяналтын хорооноос анхааруулж, АН-ын генсек Ц.Оюундарь хүртэл сануулсаар байтал үл тоон хуралдсан нь Ардчилсан намд хэн хамаагүй нь дуртай үйлдлээ хийж болдог болсныг харуулж байна.

Нэг л мэдэхэд Ардчилсан намын хүн болсон С.Од-Эрдэнийг 2008 онд Монгол Ардын намын туг далбааг барьж, санхүүжүүлэн гүйж явсныг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Ийн МАН-д яс мэрж явсан зарим нөхөд Дундговийн Ардчилсан намыг хувийн эрх ашиг, хонжооны төлөө булшлахын даваан дээр байгааг төв намынхан анхаарахгүй бол дараа дараагийн сонгуулийн ялалтыг Дундговиос горьдолтгүй л болох байх даа. Уг нь Дундговьчууд 2000 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам, ардчиллыг аварч УИХ-д цорын ганц суудлыг авчирч байсныг мартах учиргүй юмсан.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ