“С.Зоригийн хэрэг төвөгтэй болсон”

УИХ, Засгийн газрын гишүүн, ардчиллын алтан хараацай С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсанаас хойш 15 жил өнгөрч байна. Гэвч түүний хэрэг илэрсэнгүй өнөөдрийг хүрлээ. УИХ-ын гишүүд, хууль хяналтынхан бүгд өөр өөрийн өнцгөөр түүний хэрэгт тайлбар өгдөг. Харин энэ удаад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж юу хэлэв. Тэрбээр “Хэргийг илрүүлэх хамгийн найдвартай арга бол хэргийн газрын үзлэгийг хаах байдаг. Би хуулийнханд ч хэлдэг. Бурхан багш байсан ч хэргийн газар гадны хүн битгий оруулж бай. Зөвхөн өөрсдөө хийж бай гэж хэлдэг. Тиймээс С.Зориг агсны хэрэгт зориглож тодорхой арга хэмжээ авах байсан ч тэрийгээ хийж чадаагүй.

Дундуур нь улс төрийн дүгнэлт хийж, улс төрчид оролцоод хэргийг улам ээдрээтэй болгоод хаячихсан. Ямар шинжтэй хэрэг байсныг улстөрчид дүгнээд л улстөрийн хэрэг гэж үзээд л. Тухайн үед ЦЕГ, ТЕГ-аас тус бүр ажлын хэсэг гараад л. Аль нь түрүүлж илрүүлэх вэ гэдэгт уралдсан юм шиг байгаа юм. Тэгээд хэргийн газарт 70-аад хүн орж гарсан тоо байдаг. Ингээд халуун мөрөө алдчихсан хэрэг одоо илэрнэ, илрэхгүй гэж хэлэхэд ч хэцүү болчихсон асуудал. Их том сонсогдож магадгүй. Гэхдээ Үндэсний эрх ашгийн хүрээнд илрүүлэх л ёстой хэрэг. Гэвч илэрч өгөхгүй байна. Жишээ нь, хуучин улс төрийн өнцгөөр тайлбарлаад МАН-ынхан С.Зоригийн хэргийг илрүүлэх сонирхолгүй байсан. Тийм учраас илэрсэнгүй гэж сонин, хэвлэлд хүртэл бичсэн байна лээ. Тэгвэл одоогийн улс төрийн өнцгөөс харвал цагдаагийн дарга, Хууль зүйн сайд, Ерөнхийлөгч, тагнуулын дарга гээд бүгд АН-ын хүмүүс тавигдчихсан байгаа. Тэгэхээр Ардын нам үнэхээр илрүүлэх сонирхолгүй дарчихсан байсан юм бол одоо АН-ынхан байна, илрүүлэх ёстой гэдэг үг хэлэх ёстой юм даа. Гэхдээ би яг энэ утгаар нь хэлж байгаа юм биш шүү. Үнэхээр төвөгтэй, ээдрээтэй болчихсон хэрэг. Ер нь хэргийн халуун мөрийг алдчихаар л сунжирдаг. Яг хажууд эзэн нь байхад буруу мөр хөөгөөд явчих юм бол сэжиг гэж мэргэжлийн үүднээс ярьдаг юм. Буруу сэжиг дэвшүүлээд буруу замаар явчихвал хийсэн хэргийнх нь эзний хажуугаар зөрөөд өнгөрчихдөг. Тийм зүйл тухайн үед болчихсон байхыг огт үгүйсгэж болохгүй” гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ