М.Энхболд МАН-ын дарга болох нь ээ

МАН дотоодын самуунаа дарахаар энэ сарын сүүлчээр их хурлаа хуралдуулахаарр болов. Залуу шинэчлэгчид сонгуулиас хойш дугхийсэн удирдлагынаа байр суурийг булаахаар оролдсон ч намын Бага хурлын үеэр асуудлыг аятайхан намжааж, юу юугүй зодог тайлахад бэлэн байсан Ө.Энхтүвшинг тайван амгалан бай хэмээн хуучцуул нь тогтоож, С.Баяр ч хилийн чанадаас амьсгаатайхан ирсэн юм. Олон жил засгийн эрх барьсан МАН-ын томчууд нам гэсэн том халхавчгүй бол шалдан нүцгэн хоцорч, захаасаа шоронд шомбойх учраас ийнхүү гэнэт сэрсэн хэрэг. Тэгээд улиг болсон хор найруулах аргаараа их хурлын товыг намрын адаг сарын дундуур болгож, тархи угаах ажиллагаагаа тооцоолон төлөөлөгчдийн тоог хоёр дахин эрс нэмэгдүүлж чадсан. Ирэх парламентын сонгууль ч нүдэнд нь ойрхон харагдав.

Хэдийгээр өнгөрсөн гурван удаагийн сонгуулийн ялагдалд хариуцлага үүрэх нэрээр яс амарсан С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх нар цагаа тулахаар шалдан ноён хэвээр хоцрохыг яавч хүсэхгүй. Их хурлаар МАН-ын дүрэмд салхи оруулж, бүтцийн өөрчлөлт хийнэ гэж байгаа ч чухамдаа хэн дарга болох вэ гэдэг л гол асуудал. Том даргын цаана УИХ-ын сонгуульд хэн хэнийг нэр дэвшүүлэхэв, улс төрийн ямар панз үсэргэхэв гэдэг асуудлын гогцоог атгах бүлэглэлийн ашиг сонирхлын өрсөлдөөн нуугдаж байна. Төлөөлөгчдийн толгой нь бус гар нь илүү үүрэгтэйгээр их хуралд оролцоно. Товчхондоо удирдлага хэн байх нь намын шинэчлэл гэгчийн цаад амин сүнс гэж тодорхойлж байна.

Харин намын даргаар хэн сонгогдох вэ гэдэг таамагт мэдээж цөөхөн хүний л нэр тэргүүн эгнээнд бичигдэж байна. М.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Баяр гэсэн хувилбар яригдаж байна. Мөн цоо шинэ хүн заалнаас дэвшүүлэхийгүгүйсгэхгүй. Гэвч хоншоор дутна биз. Сураг чимээ нь тасраад байсан С.Баярын хувьд ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхтэй хамтран намын залуучуудыг алсаас удирдаж, шинэчлэлийг эхлүүлсэн гэдэг. Гэхдээ түүнийг намын даргад нэр дэвших бодолгүй гэж байгаа ч нүүргүй гэсэн нь үнэнд илүү нийцнэ. Гэхдээ арьсаа хамгаалахын тулд МАН-ыг алсаас удирдах сонирхол маш их байгаа.

Д.Лүндээжанцан болон Ц.Нямдоржийг намын даргад нэр дэвшүүлсэн ч дэмжих хүн байхгүй. Ц.Нямдорж намдаа ч, ард түмэнд ч аль хэдийнэ уншчихсан ном. Байнга л чичлүүлж, өөрөө ч хэнийг ч үл хамааран хатууүгийг хаашаа ч хамаагүй чулууддаг. Энэ нь түүнээс залхаахад хүргэсэн. Угтаа бол УИХ-ын 76-д эрдэм мэдлэг, дадлага туршлагаараа дээгүүрт бичигдэх тэргүүлэх улстөрч гэж дотроо боддог ч түүнээс салахын түүс болсон хүмүүс даанч олон.

Харин энэхүү тэргүүн эгнээнд нэр нь бичигдэж байгаа эрхмүүдээс хамгийн чансаатай нь мэдээж М.Энхболд. Өмнө нь намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан зуд үзсэн ухна. Түүнээс өөр МАН-ыг удирдах хүн өнөөдөр хараахан байхгүй. Намдаа ч нөлөө бүхий гэдэг нь түүний тэргүүлдэг фракцаас ажиглагддаг. Хотын фракцыг тэргүүлдэг тэрээр С.Баяр, Ө.Энхтүв­шин, У.Хүрэлсүх нартай тохи­роо­гоо нэгэнт хийж,нөгөө­дүүл нь түүнийг дэмжихээр гар өргөчихсөн гэсэн яриа хоосон цуурхал биш бололтой.

Харин эргэлзээтэй байгаа нь С.Батболдын фракц. Хэрвээ М.Энхболд С.Батболдын фракцын дэмжлэг авч намын даргаар сонгогдвол хариу барих нь тодорхой. Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар өөрийн хүнийг томилох хүсэлтэй байгаагаа ч С.Батболд нуугаагүй гэнэ. ГХЯ-д Төрийн нарийн бичгийн дарга, БОАЖ-ийн сайдаар ажиллаж байсан Д.Цогтбаатарыг санал болгожээ. Хоёр томын өрсөлдөөн дундаас дандаа үлбэгэр хүн хождог учраас С.Батболд өөрийгөө төлөөлүүлж Д.Цогтбаатарыг гэхээс өөр хэнийг эхэв. МАН-ын дарга М.Энхболд болох нь ээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ