Тэрбум, тэрбумаар нь улстөрчид мөнгө нэхсээр

Өнгөрсөн долоон хоногийн хамгийн гол үйл явдлын нэг нь ардчиллын хараацай С.Зоригийн харамсалтайгаар амиа алдсан өдрийн 15 жилийн ой тохиосон явдал байв. Жил бүрийн энэ өдөр түүний хөшөөнд ойр дотныхон нь дурсан санагалзаж цэцэг өргөдөг билээ.

Бид үүнээс илүүг хийж дөнгөхгүй болов. Ах, дүү хоёрыг нь амьд цагт тэр арга хэмжээнд оролцуулах төдий байх юм биз. Манай цагдаа, тагнуулынхан хүсвэл тэр байтугайг илрүүлээд, эзэн холбогдогчдод нь “дээл нөмөргөчихдөг”-сөн.

Хэтрүүлчихгүй л бол хэдэн арваар нь баривчлаад шоронд хатаах байсан даа. Тэгж чадалгүй өнөөг хүрсэн болохоор тун ярвигтай болж таараад байгаа юм. Гэхдээ бүхэнд ил хэрэг л дээ.

Мөн өнгөрсөн долоо хоногийн сүүлэн дээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ерөнхий сайд, намын даргаасаа уучлал гуйсан мэдээ цацагдсан нь олны гайхашралыг төрүүлсэн нь дамжиггүй. Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд Ардчилсан нам дотроосоо ганцаараа шахам шүүмжлэлтэй хандаж байгаа түүнийг Н.Алтанхуягаас уучлал гуйсан гэх мэдээлэлд эргэлзсэн олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөртэй нь холбогдож тодруулахад "Н.Алтанхуягаас уучлал гуйх ямар ч шаардлага байхгүй, худал мэдээллийг зориудаар цацаж байна" хэмээн Ж.Батзандан гишүүн хариулсан юм.

Эл долоо хоногийн өөр нэг сонирхолтой, бүр хачирхалтай асуудал нь эрхэм гишүүд эргээд “тэрбумын тэтгэлгээ” авахаар санаархсан явдал билээ. Мөн ч ханаж цаддаггүй золигнууд юм гээч. Улсын эдийн засаг хямрах шахаад байгаа үед яаж хэмнэх вэ гэдгийг ярихын оронд яавал “тэрбум”-тай болох вэ хэмээн боддог юм байна, манай томчууд.

Нэгмөсөн хоёр тэрбумыг тэдэнд өгөөд, хагасыг нь тойргийнхондоо зарцуул, үлдсэнийг нь өөрсдөө авцгаа. Харин улсын ажлаа хийгээд өгөөч гэмээр үе гарах л юм. Цөхөрсөн, аргаа барсан хүний үг байгаа биз. Хөрөнгө оруулалт хэрхэн олох вэ, хэдэн “юм”-аа яаж хүргэх вэ, төсвийн тодотголоо яахав гэхийн оронд ингэж байгаа улстай ер нь юу ярих вэ.

За үүнийг орхиё. МАН-ын гишүүд чуулган орхиж гарсан, тэднийг шүүхэд өгөх болов, Р.Амаржаргал ҮЗХ-ны гишүүнээс татгалзсанаа АН-ын зарим ажил хэрэг явуургүй болж буйгаар тайлбарлалаа зэрэг мэдээ, мэдээлэл улирагч долоон хоногт яригдав.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн хувийн мэдлийн байгууллагаар дамжуулан “Алтайн хүдэр” компаниас 450 сая төгрөг авсныг алтайчууд АТГ-т өгсөн бололтой. Тэдэнд бага мэт ч, хэргээ болвол чамгүй мөнгө сонсогдоно. Г.Занданшатарын мэдэгдэл ч хэрэндээ содон байв.

Увсын хоёрын талаар АН-ынхан асуудал гаргасныг “Үндсэн хуулийн дээр АН гарчээ” хэмээн тэр өгүүллээ. Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ манайд болж байгаа, уг нь сүр дуулиантай баймаар ч, бид нэг их тоосонгүй юу даа.

Зурагтуудын үдшийн мэдээ, өдөр тутмын сонинуудын эхний нүүрэнд бараг харагдахгүй юм. Иймэрхүү үйл явдалтай өнгөрч буй долоо хоног өмнөхийгөө бодвол арай “зөөлөн” гэхээр байна.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ