“МАН-ын батлахыг нь урж, АН-ын үнэмлэх өгч ажилд оруулж байна”

АН-ынжигүүрийнхэн "Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн" сэдвийн дор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус жигүүрийн зүгээс өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан шаардлага хүргүүлсэн юм. Тэд намын даргадаа АН-ын ҮЗХ-ны хуралдааныг аравдугаар сард багтаан зарлах, намын дүрэмд өөрчлөлт оруулах, ҮЗХ-ны 228 гишүүнийг шинээр дахин сонгох, энэ онд багтаан АН-ын Их хурлыг зарлан хуралдуулахыг мэдэгдсэн бичгийг хүргүүлээд байгаа билээ. Энэ үеэр АН-ын жигүүрийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Дашзэвэгтэй ярилцсан юм.

-Өнөөдрийн хэлэлцүүлэгээр ямар асуудал хөндөж байгаа вэ?

-Ардчилсан намын дүрэм гэдэг бол бидний хувьд Үндсэн хууль л гэсэн үг. Дүрмээ сахихгүй бол задарч бутарна гэсэн үг. Манай намын ҮЗХ биржийн тогтолцоотой болсон. Үүнийг өөрчлөх гэж бид жигүүр байгуулан ажиллаад байна. Нөхөн сонгууль гэдэг зүйл хийгдэхээ болсон. Угтаа бол гурван жилд нэг удаа хуралдаж, нам дотроо сонгууль явуулдаг байсан. Энэ нь 2011 оноос хойш болоогүй. Үүнийг өөрчилж байж манай нам цаашид оршин тогтоно.

-Жигүүрийн хамгийн эхний ажил ямар ажил байх вэ?

-Намын дүрэм журмыг өөрчлөнө. Мөн удирдлага ямар нэгэн тайлбар хийхгүй бол намын нийт гишүүдийг цуглуулж, намын Их хурлыг хуралдуулна. Энэ хурлаар нь дүрмэнд өөрчлөлт оруулах боломжтой. ҮЗХ гэдгийг намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн намын хорооны дарга л гэж ойлгож, тэд л бүхий л асуудлыг шийдвэрлэж байна. МАН-ын гишүүн “Би Үндсэн хуулийг орондоо ч засдаг” гэдэгтэй адил энэ гурав л намын дүрмийг дур мэдэн өөрчилж байна.

-Нийт хэчнээн гишүүд жигүүрт нэгдээд байгаа вэ?

-Одоогийн байдлаар 2000 гаруй гишүүд дэмжигчидтэй байна. Энэ тоо цаашид хурдацтайгаар нэмэгдэнэ.

-Албан тушаалгүй үлдсэн хүмүүс жигүүр байгуулан намынхаа эсрэг дуугарч байна гэсэн яриа байсан?

-Бид нар ямар нэгэн албан тушаал, эрх мэдлийн төлөө яваагүй. Засгийн бүхий л эрхийг барьж байгаа энэ үедээ сайн ажиллаасай гэсэн үүднээс л жигүүр байгуулан ажиллаж байна. Монгол Улсын хөгжлийн төлөө бусад улс төрийн хүчнүүдэд үлгэр жишээ болох үүднээс намын дүрмэндээ өөрчлөлт хийх ёстой л гэж үзэж байна.

-Жигүүр анхны хурлаараа хоёр ч сайдыг суудлаас нь буулгах асуудлыг хэлэлцсэн гэсэн?

-Энэ талаар нарийн мэдээлэл алга байна. Гэхдээ ажлаа хийж чадахгүй байгаа бол суудлаас л буулгах л хэрэгтэй. Эдийн засгийн байдал ямар байгааг ард түмэн мэдэж байгаа. Гэтэл зүгээр байна гэсэн тайлбарыг өгч байна. Ерөнхий сайд ч гэсэн үүнд хамаатай. Чаддаг хүнд нь өгөх хэрэгтэй. Боловсон хүчин хангалттай байна. Манай намынхан боловсон хүчин байхгүй хэмээн МАН-ын гишүүний батлахыг нь урж, Ардчилсан намын үнэмлэх өгч ажилд оруулж байна. Энэ бол нөгөө ҮЗХ биржийн хэлбэрээр ажлаа явуулж байгаагийн илрэл юм.

-Намын удирдлагын зүгээс ямар нэгэн байр сууриа илэрхийлсэн үү?

-Ерөнхий нарийн дарга “энэ бол манай намд байгаа асуудал. Үүнийг засч залруулах цаг нь ирсэн гэж” хэлсэн. Харин намын дарга Н.Алтанхуягийн хувьд ямар нэгэн байр сууриа илэрхийлээгүй байна. Харин УИХ-ын зарим гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

-Өнгөрсөн долоо хоногт Р.Амаржаргал гишүүн ҮЗХ-ноос гарах өргөдлөө өгсөн. Танай жигүүртэй цаашид хамтарч ажиллах гэж байгаа гэж ойлгож болох уу?

-Энэ хүний хувьд болохгүй болоод л эсэргүүцлээ илэрхийлж байна гэсэн үг.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ