"Бичиг баримтыг хуурамч эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа"

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Б.Батхуягтай ярилцлаа.

-Чингэлтэй дүүрэгт яагаад дахин сонгууль явуулах болсон бэ?

-Чингэлтэй дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалт сонгуулийн өдөр буюу хуульд заасан хугацаанаас хойш хийгдсэн хоёр мянга гаруй иргэнээр нэмэгдсэн. Мөн дүүрэгт харьяалагддаг хэрнээ гадаад улс оронд амьдардаг есөн мянга орчим иргэний нэр нийт сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон байдаг юм. Огт байхгүй байгаа хүмүүсийг нэрсийн хавтгайд оруулснаас болж дахин сонгууль явагдсан. Энэ дүүрэгт амьдарч байгаа иргэдийн хийсэн сонголтыг хэсэг бүлэг хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж хүчингүй болсон. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох сонгогдох эрхийг маш бүдүүлгээр халдсан үйлдэл юм.

-Энэ асуудлаар хуулийн байгууллагадхандсан уу?

-Энэ асуудлыг бид холбогдох байгууллагад шалгуулж байгаа. Гэхдээ адгийн зарга арав хоногтой гэгчээр нэг жил тойроод явж байна. Энэ хугацаанд Чингэлтэй дүүрэгт нэлээд хууль бус ажиллагаа хийгдсэн. Иргэдийн саналыг аваагүй нөхдүүд гарчихаараа сонгогчдын эрх бодохгүй, зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг л бодож байна. 2012-2013 оны дүүргийн хөрөнгө оруулалтын ажил 40 хувьтай явагдаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр хийгдэж байгаа ажил 40 хувьтай явагдаж байна гэдэг бол туйлын хангалтгүй. Ерөнхийдөө хийж байгаа ажлуудыг харж байхад Ардчилсан намын болон ардчилсан засгийн бодож, хүсч байсан ажил Чингэлтэй дүүрэгт эсрэгээр явагдаж байна. Иргэдийн эрх ашгийг хангахгүй, эрх мэдэлтнүүд дураараа аашилж байна. Эдгээр дураараа аашилж, хууль зөрчсөн шийдвэрийг гарсан эрх мэдэлтнүүд хууль хяналтын байгууллагад шалгаж байгаа. Гэвч хууль хяналтын болон шат шатны байгууллагууд нэгэнт болоод өнгөрсөн сонгууль гэдэг маягаар хандаж байна.

-Хуулийн хяналтын байгууллагад хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу гарахгүй байна гэлээ. Энэ ямар шалтгаанаар удаашраад байгаа вэ?

-Сонгуультай холбоотой хэрэг маргааныг хуулийн байгууллагаар шалгуулж дуусаад шүүх хурал нь болох гэхээр сонгуулийн хороогоо татан буулгачихдаг. Сонгуулийн хорооны маргааныг шүүх хяналтын байгууллагаар явахаар сонгуулийн хорооны төрийн алба хаагчдаа ажлаас үндэслэлгүйгээр халчихдаг. Нөгөөтэйгээр шүүхийн байгууллага хэргийг хянах ажиллагаанд цаг хугацаа нэлээд ордог учраас удааширч байна.

-ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ өөрийнхөө өрөөгөө тасалгааг төсвийн мөнгөөр засварласан гэж байгаа. Хэдэн төгрөгөөр засварласан юм вэ?

-Нийтдээ 70 сая төгрөгөөр засварласан байгаа. Өрөө тасалгаа 49 сая 340 мянган төгрөгөөр харин тавилгад 22 сая 450 мянган төгрөг зарцуулсан. Д.Бат-Эрдэнэ тавдугаар сард өөрийнхөө өрөө тасалгаа засварчихаад зургадугаар сард тендер зарласан. Тавдугаар сард хийгдсэн ажлын тендерийг зургадугаар сард зарлаж болохгүй гэхэд л тендер зарласан баримтаа гуравдугаар сард болгочихсон. Монгол Улсын төсвийг ерөнхийдөө зарцуулах тендерийн хуулийг хэрэгжүүлэх худалдан авах ажилгааны газар, Сангийн яам, Төрийн сан хяналтын чиг үүрэгтэй маш олон субъект байгаа. Энэ олон хүмүүсийн нүд чих нь хаагуур яваад байна. Авлигатай тэмцэх газарт шалгуулахад тавдугаар сард засварын ажил хийж, зургадугаар сард тендер зарласан нь үнэн. Мөн гуравдугаар сард тендер зарласан нь үнэн. Гэхдээ ямар нэгэн хохирол байхгүй гээд эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэж үзсэн юм. Гэтэл удсан ч үгүй АТГ-ын дүгнэлтийн дараа 45 сая төгрөгийн санхүүжилт орсон.

-Өнгөрсөн гуравдугаар сард явуулсан тендерийн бичиг баримтууд хуурамчаар хийгдсэн гэсэн. Хуурамч гэдэг нь батлагдсан уу?

-Бичиг баримтыг хуурамч эсэх талаар хуулийн байгууллага шалгаж байгаа. Тавдугаар сард хийсэн ажлынхаа тендерийг зургадугаар сард зарласан. Үүнийг хууль бус гэж хэлэхээр гуравдугаар сард тендерээ зарласан гээд байгаа. Цаг хугацааны хувьд зөрөөд байгаа. Хэрвээ энэ хууль бус гэдэг батлагдвал Эрүүгийн хуулийн 263 зааснаар алба тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн зүйл ангиар шийтгэгдэнэ. Мөн хуурамч нь нотлогдвол Эрүүгийн хуулийн 271.1 зааснаар албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэрэг болно.

-Танай дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Д.Бат-Эрдэнэд хяналт тавьдаггүй юм уу?

-Иргэдийн төлөөлөгчид засаг захиргааны нэгжийн хуулиараа хяналтын чиг үүрэгтэй ажилладаг. Дүүргийн хэмжээн дэх бүх төрийн захиргааны нэгжид хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй юм. Манай хурлын төлөөлөгчид зарлагдсан хоёр тендерийн бичиг баримтыг авах гэж хоёр сар хөөцөлдсөн. Өнөөдрийг хүртэл авч чадаагүй байна. Авах гэхээр хариуцсан хүн байхгүй өвчтэй гэдэг шалтгаан хэлдэг. Уг нь төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой байдаг. Хэн нэгэн байхгүй өвчтэй эсвэл чөлөө авсан бол түүнийг хэн нэгэн орлож ажиллах хэрэгтэй байдаг. Хариуцсан хүн байхгүй гээд мэдээллийг нуун дарагдуулах шаардлагагүй юм.

-Д.Бат-Эрдэнийн бүх асуудал хууль хяналтын байгууллагаар батлагдсан тохиолдолд ажлаас татан буулгах эрх зүйн үндэслэл байгаа юу?

-Ер нь хурлын төлөөлөгч эрүүгийн гэмт хэрэг хийсэн нь нотлогдвол шууд төлөөлөгчөөс нь татах үндэслэл байгаа. Хурлын тогтоол гаргаад нөхөн сонгууль явуулна. Хэрвээ жагсаалтаар нэр дэвшсэн төлөөлөгч байхын бол дараагийн хүн шууд орох юм.

-Ер нь Д.Бат-Эрдэнийнхийж гүйцэтгэж байгаа ажилд хэн хяналт тавих ёстой вэ?

-Гомдол мэдээллийн дагуу Нийслэлийн аудитын газар хяналт тавих ёстой. Мөн манай өөрийн төсвийн ерөнхий захирагч бүр дотоод хяналтын албатай байх ёстой. Энэ албыг манайх байгуулаагүй байна. Өнгөрсөн зургадугаар сараас хойш манай хурал дөрөв дэх нягтлангаа сольсон. Хоёр сарын дотор дөрвөн нягтланг сольж байгаа газарт ямар нэгэн луйвар булхай байгаагийн илрэл юм.

-Дүүргийнхээ төсөв мөнгө дээр хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Хурлын төлөөлөгчдийн ажил өнгөрсөн нэг сарын нэгээс эхэлсэн. Нэг сараас хойш төсвийн гүйцэтгэл дээр хяналт тавиад дүгнэлт гаргаад шалгалт орсон. Өнгөрсөн 2012 оны төсвийн гүйцэтгэл маш муу байсан. Өнгөрсөн наймдугаар сард манай дүүргийн иргэдийн хурлын чуулган болсон. Манай намын бүлэг чуулганаас завсарлага авсны дараа МАН–ын бүлэг хуралдаад төсвийн гүйцэтгэлээ баталчихсан байсан. Засаг захиргааны хуулиар иргэдийн хурал нь өөрийн гэсэн дүрэмтэй, дэгтэй байдаг. Энэ дэгийнхээ дагуу завсарлага авах эрх ч байдаг юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ