АН-ын жигүүрийн анхны ажил амжилтгүй боллоо

Нийслэлийн Ардчилсан намынхан хөдөлгөөнд орж, ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаа солих асуудал хөндөгдөж эхэлсэн. Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Баатархүү тэргүүтэй хэсэг төлөөлөгчид одоогийн бүлгийн дарга Д.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан билээ.

Энэхүү асуудлыг харж суусан зарим нэгэн нь нийслэлийн Ардчилсан намд шинэхэн байгуулагдаад байгаа жигүүрийн нөлөө орж байна хэмээн таамаглаж байсан. Энэ таамаг ч батлагдаж байна. Учир нь нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байгаа Д.Бат-Эрдэнийн хувьд “Алтан гадас”-аар овоглодог Н.Алтанхуягийн хүн.

Шинэхэн байгуулагдаад байгаа жигүүрийн хамгийн эхний ажил бол намын удирдлагаа шинэчлэх, бас чадал нь хүрвэл Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудлаас татан буулгах юм. Энэ ч утгаараа Н.Алтанхуягийн гар хөл болсон “багачууд”-аар оролдож эхэлсэн бололтой. Түүний эхлэл ийнхүү Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжил хариуцсан орлогч дарга, ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байгаа Д.Бат-Эрдэнээр эхэлжээ.

Гэвч Д.Бат-Эрдэнийг суудлаас хөндийрүүлэхэд хүч нь мөхөсдсөн Ц.Баатархүү зорилгоо хангалттай биелүүлээгүй ч тодорхой амжилтад хүрчээ. Учир нь ИТХ-ын ээлжит 12-р хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрээр Ардчилсан намаас нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллаж байсан Д.Бадарсан, Д.Батбаяр, Л.Наранбаатар, Л.Нарантуяа, Б.Түвшин, Л.Сайнтөгс, Ц.Энхцэнгэл нарыг чөлөөлж, Д.Байдраг, П.Батчимэг, Б.Отгонбаяр, Д.Оросоо, Ш.Одгэрэл, Д.Хүрэлбаатар, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс С.Ононбаяр нарыг тэргүүлэгчээр ажиллуулах болсон байна.

Ийнхүү нийслэлийн Ардчилсан нам дотор өрнөөд байсан асуудал тохиролцоонд хүрч намжсан байна. Ц.Баатархүүгийн санасан бодсон бүтээгүй ч өөрийн хүмүүсээ ИТХ-ын Тэргүүлэгчдийн дунд оруулж чадлаа.

Ямартай ч Ардчилсан намын жигүүрийн Н.Алтанхуягийг буулгах гэсэн анхны оролдлого бүтэлгүйтлээ. Үнэхээр тэд намаа шинэчлэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй байна уу, аль эсвэл Ардчилсан намд ноёрхоод байгаа Н.Алтанхуягийн эрх мэдлийг гартаа авч аль нэгэн суудалд суух сонирхол байна уу гэдгийг цаг хугацаа харуулна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ