Бие даагчид Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийллээ

УИХ-ын бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар Оюутолгойн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд шинээр томилогдсон Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд саяхан Лондонд ажиллаад ирсэнтэй холбогдуулан өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Монголын талын ТУЗ-ын гишүүд одоо ч гэрээн дээрээ ажиллаж байна. Оюутолгой бол 45 сая тонн зэс, 1800 тонн алттай, мөнгөтэй, дэлхийд эхний гуравт орох том орд. Алтны хувьд НӨАТ төлдөг бусад нь НӨАТ төлдөггүй. Роялти татварыг таван жилийн хугацаанд төлөхгүйгээр царцаасан. Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар нийт оруулсан хөрөнгөний хэмжээний арван хувийг татвараас чөлөөлж буй. Оюутолгой бол хаана ч байхгүй давуу эрхээр татвараас чөлөөлөгдсөн" гэв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгой компани өмнө нь маш их хэмжээний татвараас чөлөөлөгдөж байсан, цаашид ч гэсэн татвараас зайлсхийх явдал ажиглагдаж байна. Тухайлбал, Алтны худалдаанд ил тод байдлыг хангах тухай УИХ-д өргөн баригдсан хуулийн төсөлд алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулах тухай заалт бий. Өмнө нь алтны худалдаанд тавьсан таван хувийн рояалти төлбөрийг 2,5 хувь болгож өөрчилсөн байгаа. Үүнийг тайлбарлахдаа Оюутолгой компанийн алтыг оруулж ирнэ гэж тайлбарлаж байгаа. Монгол Улс өөрийн алтаа оруулж ирэхийн тулд татвараас чөлөөлнө гэдэг нь өөрөө асуудалтай байгаа юм” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгойн гэрээ маш муу болсон гэдгийг хүн бүр мэдэж, би ч их олон удаа ярьж байгаа. УИХ дахь бие даагч гишүүд болон нийт 24 гишүүн есдүгээр сарын 24-нд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Шинэ ТУЗ-ын гишүүд гэрээ хэлэлцээр хийж байгаа бол УИХ, монголчуудад нээлттэй байх ёстой. Хэлэлцээрийн талаар УИХ-д нээлттэй тайлагнах ёстой. Хэрэв Засгийн газар шаардлага биелүүлэхгүй байвал бие даагчдын зүгээс Засгийн газрыг огцруулах хүртэл санал гаргана” гэсэн юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ