Европын Холбооны гишүүн орнуудын элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Н.Батбаяр Европын Холбооны болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон Бээжингээс хавсран суугаа Элчин сайд нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Европын Холбооны болон түүний гишүүн орнууд болох Бельги, Словени, Болгар, Кипр, Дани, Эстон, Финлянд, Грек, Унгар, Ирланд, Итали, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Польш, Португаль, Румын, Словак, Франц, ХБНГУ , Их Британи, Чех, Швед, Испани, Австри зэрэг 24 орны элчин сайд нар оролцсон бөгөөд сайд Н.Батбаяр зочид төлөөлөгчдөд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, түүнд авч буй арга хэмжээ, Монгол Улсад өрнөж буй бүтээн байгуулалтын ажлууд, Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шинээр батлагдсан “Хөрөнгө оруулалтын тухай хууль” –ийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм.

Элчин сайд нар сүүлийн жилд Европ – Монголын харилцаа нилээд сайжирсан байгааг онцолж тэмдэглээд, цаашид улс төрийн хамтын ажиллагаанаас гадна, шинжлэх ухаан, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Мөн түүнчлэн бүтээн байгуулалт өрнөж байгаа оронд хүний нөөцийн асуудал, сургалт семинар, эдийн засгийн тогтвортой хөгжлийн тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ч дурдсан юм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ