А.Мөнхбатын сонголт сонин байх болно

“Паркаа аваръя” хөдөлгөөнийг санаачилж, нийгмийг хөдөлгөж чадсан А.Мөнхбат гэнэт чимээгүй болж, энэ асуудлыг намжаасан. Хоёр жил гаруй яригдаж байгаад амжилт олохын даваанд дээр ийнхүү замхарсан нь бас л учиртай.
Угтаа бол паркийг хувааж эзэмшиж байгаа нөхдүүд нь хүртэл газраа өгөхөд бэлэн гэдгийг шууд биш юм аа гэхэд тойруу утгаар мэдэгдсэн удаатай. Гэтэл Монголын залуучуудын холбооныхон зохион байгуулж байсан аянаа зогсонги байдалд шилжүүлж, ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй. Тэдний хувьд парк бол нэг хэсэгтээ л шоу байв. Өнөө маргаашгүй сонгууль болсон бол шууд л УИХ-ын гишүүнээр сонгогдох нь тодорхой байлаа. Хэрвээ “паркаа аваръя” хөдөлгөөнийхөө үр дүнг үзсэн бол мэдээж “Ардын баатар” болох нь тодорхой. Үүнийг тэрбээр бодоогүй биш бодсон л байгаа.
Зарим нэгэн шоудлаа хэмээн дүгнэж байхад А.Мөнхбатыг ямар нэгэн авлига хээл хахууль авсан, аль эсвэл түүнд төрийн өндөр албан тушаал амласан учир ийнхүү чимээгүй боллоо хэмээн хардаж буй. Гэтэл үүнийг баталж байгаа мэт өчигдөрхөн түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдож магадгүй гэсэн бор шувуу Төрийн ордонд нисч эхэллээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг түүнийг энэхүү суудалд суулгахаар зэхэж эхэлжээ.
Яагаад ийнхүү Ч.Сайханбилэг түүнийг сонгох болов. Учир нь Анх ZTE Монголд 2004 онд төлөөлөгчийн газраа байгуулж, үүрэн телефоны оператор “Skytel” компанитай хамтран СDМА-2000 технологиор манай улсын баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Монголын зах зээлд анх орж ирэхдээ л Засгийн газарт 2 сая долларын бэлэг өгч, 300 сая долларын тендер авч байсан. Хэл ам гарч байсан ч тухайн үед Мэдээлэл, шуудан, харилцаа, холбооны газрын дарга байсан Ч.Сайханбилэг өмөөрөөд авч үлдэж байжээ. Ч.Сайханбилэгийг УИХ-ын гишүүн болсны дараа МШХХГ-ын дарга болсон А.Мөнхбат ч мөн энэ Хятадын компаний талд үйлчлэх болсон гэж хэвлэлийн хуудаснаа үлдсэн. Нэг газрыг даргалж байсан тэдний хувьд нэгнээ татах нь аргагүй.
Гэхдээ түүний хувьд ганцаарчилсан тоглолт хийхгүй. Учир нь УИХ-ын гишүүн С.Баярцогт өөрийн хүн болох Сэлэнгэ аймгаас урьд нь сонгогдож байсан Д.Цогт-Очирыг нэр дэвшүүлээд байгаа аж. А.Мөнхбат, Д.Цогт-Очир нарын хооронд тулаан өрнөхгүй гэдгийг мэдэж байгаа. Өөрийн хүнээ зүтгүүлэх гэж байгаа эрхмүүдийн дунд л өрнөх нь тодорхой.
Хамгийн сонирхолтой нь А.Мөнхбатын сонголт. Учир нь Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч гэх алсдаа хэрэгтэй албан тушаалаа өгч, “урт насгүй” гэсэн сэтэр зүүгээд байгаа Н.Алтанхуягийн Засгийн газарт орж, хүч нэмэн ажиллах уу гэдэг сонин.
Түүний хувьд мэдээж 2016 онд Ардчилсан намаас УИХ-д хүч үзэх нь тодорхой. Учир нь намын залуучууд дундаа ч хамгийн чансаа өндөртэй хэмээн тооцогддог нэгэн. Алсаа бодоод ч тэр үү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаас илүүтэй залуучуудын нийгмийг хөдөлгөж чадах Монголын залуучуудын холбоо нь ашигтай гэдгийг мэдэж байгаа байх аа.
Б.Тэмүүлэн


3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ