Су.Батболд: УИХ-ын гишүүдийн цалинг нэммээр байна

УИХ-ын 2012 оны ажлын тайлангийн талаарх мэдээллийг Төрийн байгуулалтын байнгын хороо сонслоо. Энэ үеэр гишүүд парламентын шинэ ордон барих ажилд анхаарал хандуулах хэрэгтэйг онцоллоо.
УИХ-ын дэд дарга М.Энхболд “Би 2011-2012 оны хооронд Шадар сайдаар ажиллаж байхдаа Засгийн газар талаас парламентын ордныг барих ажлын хэсгийг ахалж байсан. Тэр хугацаанд ордны барилгын 30 гаруй ам метр, 14 давхар барилгын зургийг хийж, газрын геологи судалгааг гаргуулсан. Засгийн газар талаас парламентын ордныг барих ажил жил гаруйн хугацаа өнгөрөхөд зогсонги байдалтай боллоо. Монголын талын бүх мэргэжлийн байгууллагууд зурагт экспертиз хийгээд барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Монгол болон Кувейтийн талаас тус бүр зургаан хуулийн этгээд байгуулагдаад материалуудаа өгсөн. Жил гаруйн хугацаа өнгөрөхөд энэ ажил зогсонги байдалтай боллоо. Үүн дээр Тамгын газар анхаарал тавих хэрэгтэй. Хүндрэл бэрхшээлийг бид даван туулалгүй л яах вэ. Гэхдээ зайлшгүй шаардлагатай зүйлийг зохицуулах ёстой” гэв.
Харин УИХ-ын гишүүн Су.Батболд “УИХ-ын гишүүдийн цалин, хангамжийг нэмэгдүүлмээр байна. Олон жилийн өмнө тогтоосон бензин, утасны мөнгө өнөөдрийг хүртэл хэвээрээ. Манай гишүүдийн 80-90 хувь нь бизнес, эрхэлдэг болохоор тэдний хувьд энэ нь асуудал биш байх. Зарим нь ардын баатар болох гэж цалингаа авахгүй гэх нь бий. Гэхдээ цалингаараа амьдардаг гишүүд бас байгаа шүү дээ” хэмээн гомдоллов. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдийн дундаж цалин нэг сая орчим төгрөг юм байна.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ