Монголбанкыг зорилтоо биелүүлээгүй гэж дүгнэлээ

Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтоо Монголбанк биелүүлж чадсангүй гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзлээ.

-УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛГИЙН ДҮГНЭЛТ-

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлахүндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд МАН-ын бүлгийн дүгнэлтийг танилцууллаа. Уг дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ дахь МАН-ын бүлэг Монголбанкны 2013 онд баримтлан хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүн, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцлээ.

Тус бүлэг мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах гол чиглэлүүдээр ноцтой алдаа гарсан гэж үзэж байна.

  • Нэгдүгээрт, экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч, валютын нийлүүлэлт багассан байхад мөнгөний сул бодлого явуулан зах зээлд их хэмжээний төгрөгийг нийлүүлсэн нь төгрөгийн ханш 20 орчим хувиар огцом сулрах нөхцөлийг бий болгож, ам.долларын ханш огцом өсч 1700 төгрөгөөс давах тохиолдол ч гарах боллоо. Үүний улмаас импортын барааны үнэ эрс нэмэгдэн, төгрөгийн худалдан авах чадвар улам доройтож, иргэдийн амьжиргаанд хүндээр тусах үндсэн нөхцөл болсон. Сүүлийн саруудад судалгааны байгууллагууд дэлхийд хамгийн их суларсан үндэсний мөнгөн тэмдэгтийн нэгээр монгол төгрөгийг нэрлэж байна.

  • Хоёрдугаарт, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлд” Монголбанк инфляцийг оны эцэст 8 хувиас хэтрүүлэхгүй гэсэн зорилт дэвшүүлж, түүнийгээ биелүүлэх ажлын хүрээнд Засгийн газартай хамтран гол нэрийн бараа болох мах, гурил, шатахуун, барилгын зарим материалын “Үнэ тогтворжуулах” гэх төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд Төв банк 3 ихнаяд төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулсан нэртэй боловч Засгийн газартай хамтран аж ахуйн нэгжүүдэд улс төрөөр ялгаварлан гадуурхсан байдалтай, нарийвчилсан тооцоо, үндэслэлгүйгээр хуваарилсан. Монголбанк орон сууц, барилгын материал, гол нэрийн барааны үнийг тогтворжуулах нэрээр аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон нь эдийн засагт богино хугацаанд их хэмжээний мөнгө хөрөнгө оруулж урт хугацаанд инфляц нэмэгдэх хүлээлт үүсгэн үнийн өсөлт, ханшийн уналтын нэг шалтгаан боллоо.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт ил тод бус, шалгаруулалт хаалттай, тендергүй явагдсан, хөтөлбөрийг 2013 оны мөнгөний бодлогод тусган, хугацаа, зорилт, хүлээгдэх үр дүн, тооцоо үндэслэлийг Их Хурлаар хэлэлцээгүй. Ер нь энэ хөтөлбөрүүд нь Монголбанкны зүгээс улсын санхүүгийн эх үүсвэрийг субъектив хандлагатай зарцуулсан, мөнгөний зах зээлийг гажуудуулж,чөлөөт өрсөлдөөнийг боомилсон, цаг хугацаа аргацаасан, зах зээлд буруу жишиг тогтоох, алсын хараагүй арга хэмжээ болоод байна. Үүнээс болж үнэ буурах биш, харин орон сууцны 1м2-ын үнэ 1,2 сая төгрөг байсан бол 8 хувийн ипотекийн зээл гарснаас хойш даруй 2,0 сая төгрөг болж өссөн, Алтан тариа 1-р гурилын үнэ 700 төгрөг байсан бол 1000 төгрөг болсон, 1 тн цементийн үнэ 130 мянган төгрөг байсан бол зарим үед 260 мянган төгрөг болж өссөн, АИ-92 шатахууны бөөний үнэ жижиглэнгийн үнээс давж 1800 төгрөг болсон гэх мэт жишээг дурдаж болно. Иймд оны эцэст инфляцийн түвшин нэг оронтой тоонд багтахгүй нь тодорхой байна.

  • Гуравдугаарт, Монгол Ардын Нам төрийн эрх барьж байх үед2,8 тэрбум ам.доллар хүрсэн, Монгол Улсын импортын 5-6 сарын хэрэгцээг хангах хэмжээний валютын нөөцийг Засгийн газар, Монголбанк хоёр жил хагас хүрэхгүйн хугацаанд 1,5 сарын импортын хэрэгцээг арай ядан хангах хэмжээнд хүртэл унагаасан байна. Энэхүү нөөцийн хэмжээ нь үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх түвшинд хүрсэн байгаа тул УИХ анхааралдаа авч, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Түүнчлэн үүргээ хангалттай биелүүлж чадаагүй холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг бүлэг олонхиос дахин шаардаж байна.

  • Дөрөвдүгээрт, “Төв банкны тухай” хуулийн 31.2. заасан “Монголбанк Засгийн газраас хараат бус байна” гэсэн заалт ноцтой зөрчигдөж байна. Монголбанк, Засгийн газрын агентлаг мэт ажиллан ирсний уршгаар /”Чингис” бондын хүү, Үнэ тогтворжуулах төсөл, орон сууцны 8 хувийн зээл/ түүхэнд байгаагүй 300 гаруй тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал хүлээхээр болоод байна. Монголбанкны алдагдлыг Төв банкны тухай хуулийн 38.1. -т“Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, Монголбанкны алдаатай бодлогын эдийн засгийн алдагдлыг Монголын ард иргэд, бизнес эрхлэгчдийн татварын мөнгөөр төлөх болж байна.

Иймд Монгол Улсын Төв банк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн үүргээ 2013 онд хангалтгүй биелүүлж, төгрөгийн ханшийн сулрал, гадаад валютын ханшийн огцом өсөлтөөс урьдчилан сэргийлж чадаагүйн улмаас ард иргэдийн амьдрал улам доройтож, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна. Монгол Улсын төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага Монголбанк нь “Төв банкны тухай” хуулийн 4.1. -т заасан “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн үндсэн зорилтоо 2013 онд биелүүлж чадсангүй.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн баримт бичгийг нягтлан үзээд бүлэг дараах ДҮГНЭЛТЭД хүрч байна.

  1. Үнэ тогтворжуулах гэх төслийг Монголбанк, Засгийн газартай хамтран 2014 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэсэн байна. Гэвч өнөөдрийг хүртэл энэхүү төслийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг шалгах, үйл ажиллагаанд хяналт тавих бүтэц байхгүй байгаа нь хөтөлбөрийн үр дүнмуу байгаагийн үндсэн шалтгаан юм. Иймд Үнэ тогтворжуулах төслийн хэрэгжилт, төслийн хөрөнгийн санхүүжилт зориулалтын дагуу зарцуулагдсан эсэхийг шалгах ажлын хэсгийг УИХ-аас байгуулах шаардлагатай гэж үзэж байна.
  2. 2013 ондҮнэ тогтворжуулах төслийн хөрөнгийн хэмжээ, ямар салбарт хэчнээн хэмжээний хөрөнгө оруулах зэргийг Засгийн газар, Монголбанк дангаар шийдвэрлэж ирсэн нь Монгол Улсын төсвөөс гадуур их хэмжээний хөрөнгө УИХ-ын хяналтаас гадуур зарцуулах орчинг бий болгосон. Энэ нь өөрөө, Ерөнхий сайдын яриад байгаа нөгөө хяналтгүй, хариуцлагагүй тогтолцоог улам сулруулсан, хээл хахуулийн нөхцөлийг өөгшүүлсэн хууль бус үйл ажиллагаа болж байна гэхэд хилсдэхгүй. Иймд Үнэ тогтворжуулах төслийн хяналтыг сайжруулах, үр дүнг нарийвчлан тооцох асуудлыг УИХ-аар хэлэлцэн дүгнэж, чөлөөт зах зээл, шударга зарчимтай зөрчилдсөн, үр дүнгээ өгөөгүй, тус хөтөлбөрийг цаашид зогсоох хэрэгтэй гэж үзэж байна.
  3. Хэрэглээний болон аж үйлдвэрийн барааны ихэнхийг импортоор авдаг манай улсын төгрөг валютын ханшийг тогтвортой байлгах нь Төв банкны гол зорилгын нэг. Гэтэл Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлд төгрөгийн валюттай харьцах ханшийг тогтвортой байлгах талаар зорилго тавигдаагүй байна. Валютын нөөцийн талаар тоо баримт, төсөөлөл тусгагдаагүй байна. Хэдийгээр тухайн үеийн эдийн засаг, санхүүгийн байдалд дүгнэлт өгөхөд ашиглагддаг ч бонд бол тодорхой хугацаанд эргэн төлөгдөх өр учир түүнийг Валютын улсын нөөцийн бүрэлдэхүүн гэж үзэх нь нэг талаар өөрсдийгөө хуурч буй хэрэг юм. Иймд валютын цэвэр нөөцөө өөрийн мэдлийн хөрөнгөөр тооцож байх нь зөв хандлага, бусад тооцооны зөв үндэслэл болох ёстой.
  4. Үнийн өсөлт, ханшийн уналт хоёр зэрэг эрчимжиж байна. Орон сууцны зээл нь өөрөө үнийн өсөлтийн хүчин зүйл болж байна. Үнэ тогтворжуулалтын үр дүнг зардалтай нь харьцуулсан тооцоо судалгаа, түүнчлэн валютын ханшийн болон нөөцийн талаарх холбогдох урьдчилсан дүгнэлт, тоо, мэдээлэл туйлын бүрхэг байгааг онцгой анхаарч асуудал бүрийг үндэслэл бүхий тооцоо, судалгаанд тулгуурлан хэлэлцэх шаардлагатай байна.
  5. Дэлхийн практикт Төв банк нь Засгийн газраасаа хараат болсноор мөнгөний үнэ цэнэ буурч эцэс сүүлдээ гиперинфляцтай тулгарч байсан олонжишээ бий/Герман, Унгар, Перу, Эквадор, Боливи, Зимбабве/. Иймд Монголбанк 2014 онд хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, Засгийн газартай хэт сүжрэх явдлаа даруй зогсоон улс төрийн дарамтаас ангид, хараат бус, бие даасан байдлаа хангаж ажиллах хуулийн чанд сахих шаардлагатай гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна.

УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ