Баасан гаригийн операци

Парламентын тогоон дотор 2013 оны төсвийн хувь заяа болон 2014 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг халуухан шүүмжлэл дагууллаа. Одоо он дуусахад бараг нэг улирал дутуу байхад төсвийн орлого 1,5 их наяд төгрөгөөр сох дутаж, хөрөнгө оруулалт 400 тэрбумаар тасарчээ. Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэндийн сайдын багцад байсан ихээхэн хэмжээний мөнгө зориулалтын дагуу ажил болж чадалгүй буцаж хураагдахад хүрсэн байна. Эдгээр нь МАН-ын бүлгийн гишүүдийн бах тавыг хангаж, АН-ын доторх зарим шударга гишүүдийн дургүйцлийг ил гаргав.
Ялангуяа Р.Амаржаргал 2013 оны төсвийг хэлэлцэхэд би эрс шүүмжилж, санал өгөөгүй хариуцлагаа хүлээж УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна гэсэн бол Г.Баярсайхан нүүрс шуудайлах нь Ерөнхий сайдын хийдэг ажил биш гэсэн юм. Н.Алтанхуягт хаягласан шударга шүүмжлэлийг ил хэлдгээрээ алдаршсан Ж.Батзандан энэ удаа Засгийн газрын тэргүүний суудалтай нь холбож илүү чанга дуугарав. Энэ нь танхимд эрүүл саруул уур амьсгал оруулж, хумсаа нуусан муур шиг эрхмүүд дотроо ихэд тааламжтай байлаа. Гэсэн ч АН-ын дарга, Ерөнхий сайдын амьгүй албатууд эзнийхээ өмнөөс орох байх газраа олж ядан, эсэргүүчүүдийг дарах төлөвлөгөө даруй боловсруулж, нэг удаа амь хэлтрэх арга сийлэхээр шийджээ.
Намрын чуулган эхлээд хэдхэн хонож байхад намын бүлгийнхээ хурал дээр Ж.Батзандангийн шүүмжлэлийн хариуд Н.Алтанхуяг чи муу дуугүй бай, чамайг яаж ч чадна шүү хэмээн заналхийлсэн нь тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан. Тэгвэл өчигдөр зарим мэдээллийн вэбсайт, телевизийн сувгаар АН-ын эсэргүүчүүдийг дарлаа гэсэн адил мэдээллүүд шил шилээ даран цацагдав. Тэдний үгээр бол раамандаа жаажигнаагүй хүүхдүүд намын даргадаа хандаа хага даруулж, нэг нэгээрээ нүглээ наминчилсан бололтой. Тиймээс ч өчигдөр чуулганы хуралдаанд оролцох зүрх нь хүрээгүй гэнэ. Арай ил тод зарим нь АН-ын дарга Н.Алтанхуяг эсэргүү гишүүдээ олны нүднээс далд муур багш шиг ганц ганцаар нь дуудан намнажээ гэв. Харин мэдээллийн сайтуудаар нэгэн загварын төлбөрт материалууд тараагджээ.
Ийнхүү баасан гаригийн операци тэрүүхэндээ амжилттай болов. Гэхдээ УИХ болон АН-ын дотоодод барын зулзагыг бага дээр нь гэсэн шиг эрч хүчтэй шинэ залуу гишүүдээ нухчин дардаг, элдэв фракцад хамрагдахгүй бол илт шоовдорлодог, жендерийн тэгш байдал гэх мэтээр халхавчилж түлхэн зайлуулдаг явцуу ашиг сонирхол хэр удаан оршихыг хэн ч үл мэднэ.
Х.Аянга
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ