Цэргийн цол гангараа юу, эсвэл…

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц. Элбэгдорж Өмнөд Суданд энхийг сахиулж байгаа монгол хөвгүүдээ эргэж тойрч явахдаа алтан соёмбот мөрдсөөр гангарсан нь сонирхол татаад болдоггүй ээ. Уг нь цэргийн дүрэмт хувцсан дээрх алхан хээгээр тойруулж хүрээлсэн төрийн соёмбот мөрдсийг хэн хаанаа зүүгээд явах ёстойг залуу үеийн мань мэт нь бараг мэдэхгүй л дээ. Гэтэл Монгол Улсын төлөө зүтгэе” төрийн бус байгууллагын гишүүн гярхай ажиглачихжээ. Тэгээд “энэ мөрдсийг маршал хүн л зүүх ёстой байдаг. Гэтэл Ц.Элбэгдорж гэдэг хүн хэзээ улсын маршал болсон юм бол” гэж эргэлзэж эхэлжээ. Өөрийг нь бага залуу явахад АИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Ю.Цэдэнбал даргад маршал цол олгож байсныг хашир өндөр настан санаж л дээ. Тиймээс УИХ хэзээ Ерөнхийлөгчийг маршал цолоор шагнав хэмээн сураглатал монголчууд эс мэдэв. Маршал цол хүртээгүй байж маршалын мөрдөс зүүж яваа Ерөнхийлөгчөө гайхсан иргэнийг буруутгах аргагүй.

Үүнээс улбаалаад маршал цолыг хэнд ямар гавьяа байгуулсны учир хаанаас  хэрхэн олгодог талаар судалж үзлээ. Анх маршал цолыг Г.Дэмид, Х.Чойбалсан нарт 1936 онд олгосноос 43 жилийн дараа 1979 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалд олгожээ. Ингэхдээ БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн хамтарсан ХIV хурлаас “БНМАУ-ын өрлөг жанжин” (маршал) гэх цэргийн дээд алдар цолыг олгохоор баталсан байдаг. Тухайн үеийн  Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид гэдэг нь одоо бол УИХ, Ардын Сайд нарын Зөвлөл гэдэг нь Засгийн газар.Тухайн үед энэ хоёр байгууллага улс орноо удирдаж явсан төрийн дээд байгууллага байсан. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн ч төр хэвээрээ, төрийн залгамж чанараараа аваад үзэхэд маршал цолыг УИХ-аар хэлэлцээд өгдөг байх зарчим хэвээрээ ч юм шиг. Хүмүүс 1990 оноос өмнөх бүх юм байхгүй болсон гэж ойлгодог. Тэгвэл үүнээс өмнө баталсан зарим хуулийг хэрэглэсээр байгаа шүү дээ. Хуулийг нь хэрэглэж болж байгаа юм чинь хуультай эн зэрэгцэхүйц тогтоолыг хүчинтэй хэвээр гэж үзэж яагаад болохгүй гэж. Энэ утгаар нь авч үзвэл мөнөөх өвгөний зөв ч юм шиг. Нийгэм задраад өмнөх юм болгоныг үгүйсгэх, хүссэнээ авч, хүссэнээ хаядаг байж болохгүй байх гэсэн сэтгэгдэл төрөх юм. Энэхүү алхан хээгээр хүрээлсэн алтан соёмбот мөрдсийг маршал цолтны хувцсанд хадах тухай журам гарч байсан нь одоо архивт хадгалаастай байна. Харин одоо бол албан ёсоор ийм загвартай цэргийн мөрдөс болон түүнд тохирох цэргийн цол байдаггүй юм байна. Байхгүй юм чинь хуучин нь хэвээрээ гэж бас ойлгож болох талтай.

 "Цэдэнбал даргад маршал цол олгох тогтоолыг танилцуулахаар өрөөнд нь орлоо. Дарга Засгийн газрын ордны гуравдугаар  давхарт зүүн талын конторт суудаг байсан юм. Өрөөнд нь ороод даргад тогтоолыг танилцуулахад, нэлээн анхааралтай уншиж байснаа, ингэж болж байгаа юм уу. Надтай зөвлөхгүй яаж байгаа юм гэхэд нь би, даргаа та чинь хоёр дайнд оролцож, цэрэг командалж явсан армийн ахмад зүтгэлтэн, командлагч шүү дээ. Батлан хамгаалах зөвлөлийг даргалж байгаа хүнд маршал цол олгох нь зүйн хэрэг” гэлээ. Дарга ч дуугарсангүй. Цол хэргэмд ер дургүй янзтай. ЗХУ-ын баатрын одонг Брежневт дараалан олгосныг сонсоод толгой сэгсэрч явсан хүн дээ" гэж  хурандаа генерал Ж.Авхиа гуай нэгэнтээ дурссан байдгаас үзвэл маршал цол нь цэргийн хамгийн том хүндэтгэлтэй бөгөөд хавтгайруулж өгдөггүй байсан цол бололтой. Төрийн удирдагч гурван хүнд л энэ цолыг өгч байснаас ч харсан тэр. Хэрвээ УИХ шийдээд Ерөнхийлөгчийг маршал болгоход болохгүй юмгүй л дээ. Асуудлын гол нь болоогүй байж урьтаж зүүсэнд л байгаа юм. Тэр тусмаа Ерөнхийлөгч маань энд тэнд төрийн ёс жаягийг эвдээд, цэргийн цол хэргэмийг гангараа мэтээр зүүгээд явбал ганган хүнд гархи нэмэр гээчийн үлгэр болох бий вий.

                                                                                                                Б.Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ