Хоёр Энхболд сонин биш, харин Сү.Батболд...

МАН-ын XXVII их хурал ойртох тусам намын даргын суудлын асуудал онцгой анхаарал татаж байна. Эрхэм гишүүн Ж.Энхбаяр би болно хэмээн цамнаж, “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат, шинэчлэгч залуучуудын толгойлогч Т.Аюурсайхан нар сэрүүн зүүдэлж яваа ч тэдний хувьд үнэндээ зангараг дутна. Яруу найрагч Ж.Мөнхбат УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын буянаар “Болор цом”-ын эзэн болж, У.Хүрэлсүхийн нөөлгөөр намын нарийн бичгийн дарга болсон шигээ МАН-ын дарга болно гэж бодож байж болох юм.

Харин М.Энхболд нэр дэвшихээ мэдэгдэж, түүнийг хүлээн зөвшөөрөгдсөн лидер хэмээн бор шувуу нисгэж байгаа ч том нам дотор ганцаардсан хүн. Түүний төлөө хотын мэрийн халуун суудал дээр нь суусан Ц.Батбаяраас өөр олигтой дуугарах хүн байхгүй. Т.Бадамжунай бол арьсаа хамгаалж, аль хэдийнэ хань болохоо больсон.

Н.Энхболдыг боломжийн гэж ярьдаг ч тийм ч цэвэр нэгэн биш гэдгийг дээгүүрээ гадарладаг. Цагаа тулахаар түүнийг өрсөлдөгч талынхан нь амархан аваад шидчихэж чадна. Тэгээд ч ямар нэг фракцаас түүний нэрийг яагаад ч дэвшүүлэхгүй. С.Баяр хэдий хол байгаа ч өөрт нь хэрэг болох хүнийг МАН-ын дарга болгохын тулд хаанаас ч гэсэн гар сунгаж л таараа. Тэр хүн нь бас ирээдүйд Ерөнхий сайд болох учиртай. Иймээс Н.Энхболд энэ шалгуурт яагаад ч тэнцэхгүй.

Сү.Батболд харин сүүдрээс гараад ирэхэд байг гэхгүй. МАХН-ыг МАН болгосон боловч намын дарга, Ерөнхий сайд, өмнө нь Гадаад хэргийн сайд зэрэг том алба хашиж явсан, бизнес нь ямагт өөдөө байдаг энэ эрхэм зүгээр нэг нуруугаа үүрээд алхаад явна гэвэл гонжийнжоо. Түүнд санагалзах юм их бий. Олон том албан тушаал дараалан хашиж явсан болохоор хүмүүсээ энд тэндгүй маш сайн байршуулсан. Хэрэгтэй цагт даллахад гараад л ирнэ. Тэдэнд ч тэр хэрэгтэй. МАН-ын Бага хурлын гишүүдийн ихэнх, одоогийн их хурлын төлөөлөгчдийн нэг хэсэг нь Сү.Батболдын талынхан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тэр бол олуулаа хүн.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ