С.Баяр, У.Хүрэлсүх нар тоглоомоос гарсан


МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Саяхан МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаад ирсэн. Биеийн байдал ямар байгаа вэ?
-Таван хоногийн хугацаатайгаар хувийн ажлаар намын дарга Н.Энхбаяртай уулзаад ирлээ. Биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмчилгээ нь үргэлжилж байна. Ерөнхийдөө бол бага багаар сайжирч байгаа. Хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа цоо эрүүл болон онц хүнд байгаа гэсний аль аль нь ташаа мэдээлэл. Гэхдээ удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай.
-Онгоцоор явах боломжгүй байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байсан?
-Тийм мэдээллийг сонсоогүй юм байна. Гэр бүл болон өөрөө ийм мэдээлэл хийгээгүй. Гэхдээ зарим нэгэн мэс ажилбар хийгдсэн. Тухайлбал, чихний уганд мэс ажилбар хийгдсэн учир тодорхой хугацаагаар хөдөлгөөнгүй байх ёстой гэсэн байх.
-БНСУ-ын ямар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа вэ?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Сөүл хотод байгаа. Яг тийм эмнэлэгт гэвэл хувь хүний асуудал болно.
-Эмчилгээний зардлыг хэрхэн шийдэж байгаа вэ. Танай намаас ямар нэгэн дэмжлэг үзүүлж байгаа юу?
-Албан ёсоор аян өрнүүлж, хандив цуглуулсан зүйл байхгүй. Гэхдээ намын гишүүд тэр дундаа Н.Энхбаяр даргыг хоригдож байхад өлсгөлөн зарлаж байсан эхчүүдийн зүгээс аян өрнүүлж хандив цуглуулъя гэсэн саналыг тавьсан. Мөн төр засгаас хэлмэгдүүлсэн учир эмчилгээний зардлыг нь даах ёстой гэж үзэж байгаа хүмүүс ч байсан. Үүнийг Н.Энхбаяр даргад уламжилсан. Гэвч тэрбээр ингэх шаардлагагүй гэж үзсэн. Хувийн зардлаар эмчилгээ хийлгэж байгаа.
-Н.Энхбаяр даргын хувьд МАН-ын XXVII Их хуралд анхаарал хандуулж байгаа нь ойлгомжтой. Тэр ч утгаараа та бүхэнд ямар нэгэн зааварчилгаа өгсөн байх?
-МАН-ын XXVII Их хурлын талаарх мэдээллийг цаг алдалгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр авч байгаа. Очиж уулзаж байгаа хүмүүсийн хувьд ч тодорхой түвшинд өгч байна. Их хурал үр дүнтэй болох нь чухал. Нэг намын дотоод асуудал гэхээс илүүтэйгээр МАН-аас гарах шийдвэр улс эх орны цаашдын хөгжилд ч чухал нөлөө үзүүлнэ. УИХ-д суудалтай намын хувьд улсын бодлого тодорхойлолтод нөлөө үзүүлдэг нь чухал. Ямар ч улс төрийн хүчин хариуцлагатай байх ёстой. Хариуцлагатай байхад чиглэгдсэн өөрчлөлт шинэчлэлийг хийх ёстой гэж үздэг.
-Харин таны хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Би өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нэг бус удаа байр сууриа илэрхийлсэн. Зорилго юундаа байна гэхээс үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Миний хувьд нэг хүн өөрчлөх зорилго тавиагүй байх гэж бодож байна. Хүн өөрчлөх нь зорилго биш юм бол юуг өөрчлөхөөр зорилго тавьж байгаагаас нь хамаарч хуралдааны үр дүн харагдана. Сүүлийн үед манай улс төрийн намууд хариуцлагаас зугтах болсон. МАН-ын зарим удирдлагууд тоглоомоос гараад явах нь хариуцлага гэж ойлгодог.
-Тоглоомоос гарсан гэдэг нь С.Баяр, У.Хүрэлсүх нарыг хэлж байна уу?
-Нэр бүхий хүмүүс байдаг. Тухайлбал, нэр нь дурдагдсан С.Баяр, У.Хүрэлсүх нар байна. Гэхдээ хувь хүмүүсийн хувьд хариуцлага хүлээх нь өөр өөр байж болох юм. Энэхүү тоглоомоос гарч байгаа нь хариуцлага хүлээсэн хэмээн ойлгох хүмүүс ч байгаа.
Б.Тэмүүлэн




3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ