СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг огцруулах нүх алга

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг огцруулах тухай бор шувуу АН-ын дотоодод нисч явна. УИХ-аас томилогддог улс төрөөс хараат бус энэ байгууллагын дарга намуудын араншингаас шалтгаалж, амар заяа үздэггүй албан тушаалын нэг. Нэгэн үе СЕХ-г толгойлж байсан Ж.Ядамсүрэн гуай АН, МАХН хоёрын хэрүүлээс болж анивчаа болоод зогсохгүй бүр Гомбын цагаан морь шиг (“Хоёр цагаан юм” өгүүллэг) дальдчаа болчихоод байсан. Дараа нь Б.Баттулга, та надаас сайн байна уу гэж асуулаа. Би таны сайн байна уу гэсэн асуултад хариулъяа гэдэг болтлоо сааталд ордог болчихсон. Ийм л зовлонтой ажил юм.

Гэтэл одоо Увсын хоёрыг эгүүлэн татах асуудлыг УИХ-д оруулж ирсэнгүй хэмээн АН-ынхан Ч.Содномцэрэнг шахаж, аргаа барахдаа огцруулах тухай бодож эхлэв. Тэгвэл анхнаасаа яах гэж Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёрыг тангараг өргүүлсэн юм. Тэдний өмнөөс мөнгө тараасан хэргээр хэд хэдэн хүн хэрэгт орсон нь үнэн. Гэхдээ УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр дараагийн нэр дэвшигч сонгуульд ялж, тангараг өргөх хүртэл тухайн эрхмийн бүрэн эрх хадгалагддаг хуультай. Энэ хугацаанд шүүхээс гэм буруутайг нь тогтоовол л эгүүлэн татах ганцхан хуулийн заалт бий. Бусад тохиолдолд эрүүл мэндийн байдлаас юмуу эсвэл өөрөө өргөдөл гаргасан У.Хүрэлсүх шиг УИХ-ын гишүүнээсээ татгалзаж болно. Харин ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх, УДШ-ийн ерөнхий шүүгч бүрэн үгүй болгох саналыг УИХ-д тавьж болно. Түүнээс биш “Симба” Батаа, С.Баяр шиг хуралдаанаа таслаад алга болсон ч эрхэм гишүүн хэвээрээ л байдаг шүү дээ.

Тэгвэл СЕХ-ны дарга нэр дэвшигчийн бүрэн эрхийг батлуулахаар УИХ-д оруулж ирэх үүрэгтэй болохоос бус нэгэнт тангараг өргөсөн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тавих эрх байхгүй. Хар ухаанаар бол Ч.Содномцэрэн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчтэй харилцахаас биш эрхэм гишүүнтэй харилцахад хуульд зааснаар зиндаа дутна. Гэтэл АН-ынхан хүний гараар ёс бусаар могой бариулах гэж дайраад байдаг нь толгой жаахан хоосны л шинж юм даа. Одоохондоо хуульд Ч.Содномцэрэнг огцруулах нүх алга.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ