УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан нар ҮХЦ-д хандлаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан нар Үндсэн хуулийн цэцэд хандахаар боллоо. Тэд УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан УИХ-ын 2012 оны 06, 07, 22, 23, 2013 оны 08, 32, 37, 49 тоот тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг магадлан шийдвэрлүүлэхээр иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн Цэцэд хандлаа. Байнгын хороодод гишүүдийг ялгавартай хуваарилсан эдгээр тогтоол ардчилсан Үндсэн хуулийн язгуур зарчим, парламентат ёсны төлөвшил, төлөөллийн ардчиллын үнэт зүйл, хэм хэмжээнд харшилсан гэж тэд үзжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг УИХ-ын 1-2 байнгын хороонд, харин олонхийг хамтран бүрдүүлэгч АН болон Шударга ёс эвслийнхэн гурван байнгын хороонд харъяалагдан ажиллаж байгаа нь парламентат ёсыг гажуудуулж байгаа хэмээн үзэж, ийнхүү хандсан байна.
УИХ-д олонхийг бүрдүүлэгч намын гишүүд байнгын хорооны бүрэлдэхүүнд давуу байдлыг өөрсөддөө бий болгон гурван байнгын хороонд харьяалагдаж буй нь бүхэлдээ шударга ёсны, тэгш эрхийн, хууль дээдлэх зарчмыг гажуудуулсан хэрэг болоод байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Байнгын хорооны нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж заасан байх бөгөөд одоо олонхи болсон намын гишүүд дангаараа ирсэн байхад байнгын хорооны хуралдааныг хүчинтэйд тооцох нөхцөл бүрдэх байдал бий болсон, мөн зүйлийн 21.4-д“Байнгын хороо эрх хэмжээнийхээ асуудлыг хуралдаанаар хэлэлцэж хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу зөвхөн АН-ын гишүүдийн л саналаар хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, УИХ-ын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг байгууллагын шийдвэрийг дангаар гаргах нөхцөл бүрдүүлж байгаа нь Монгол Улсын Их Хурал дахь цөөнхийн эрх, ардчиллын үнэт зүйл болсон олон ургальч үзлийг алдагдуулж, нэг намын үзэл сурталд баригдах нөхцөл үүслээ гэж уг өргөдөлд дурдсан байна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ