Хотын ба хөдөөний хүүхдүүд

“Хэцүү ангийнхан” энэ оны төсвийн цоорхойг нөхөх, ирэх оны төсвөөс ахиухан юм зуух гэж хоорондоо хот, хөдөөгөөрөө талцан үзэлцэж байна. Ерөнхийлөгчийг хөдөөний сумдад ажиллаж байхад олон, цөөн хүнтэй гэлтгүй улсын төсвийн тогооноос яг адилхан нэг шанага хутгаж өгдөг тухай гомдол нэлээд гарч байлаа. Нээрээ ч гурван хүүхэдтэй айл, арван амтай айл хоёр адилхан нэг тогоо хоол идэж болно гэж үү. Иймээс манай төрийн тэргүүн төсөв хуваарилахдаа газар нутгийн байдлаас гадна хүн амын тоог харгалзан үзэхийг эрхэм гишүүдэд чухалчлан анхааруулсан юм.

Хэргийн учир иймээс “хэцүү ангийнхан” дотор хэрүүлийн алим тарив. Улсаас аймаг, сумдад хишиг хүртээхдээ баримтлах зарчмуудыг бүтэн 100 хувь юмаа гэж үзвэл хөгжлийн түвшингээс илүү хүн амын тоог 70 хувь үндэслэх учиртай гэж Ажлын хэсгийн ахлагч С.Баярцогтыг хэлсний дараа Ховдын С.Бямбацогт, хязгаар нутгаа манаж суугаа цөөхөн ардыг голж, бага мөнгө өгөх гэлээ гэж эгдүүцлээ. Манай баруун хязгаарынхан малаа туугаад танай Сэлэнгийн тариаланчидтай нутаг булаацалдаж байхад сум орныг нь хөгжүүлэх хөрөнгө мөнгөнөөс танаж яаж болдог юм гэснийг Увсын Ч.Хүрэлбаатар ч уухайн тас дэмжив. Бас хэн нэгэн нь муусайн хотынхон хүний олноор гул барьж, хамаг мөнгө авах гэлээ гэж харамласан нь Баянзүрхээс хоёр дараалан сонгогдсон Д.Ганхуягийн бараан царайг бүр ч барайлгаж орхилоо. Тэр тэгээд гарахаар завдаж ухасхийсэн ч багшийнхаа “сууж бай” гэсэн үгэнд аргагүй уягдав.

Харин Завханы Д.Оюунхорол эрхбиш эмэгтэй хүний эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэсэн нинжин сэтгэлээр хүн амын тоо, хөгжлийн түвшинг адилхан 35 хувиар харгалзая гэсний хариуд тойроггүй Ц.Оюунбаатар Засгийн газар шийдэг хэмээн муйхарлалаа. Эдгээр тулгуур үзүүлэлтүүдийн харьцааг сайд нарын дураар авираар тогтоосны харгайгаар өнөөдөр олон цэцэрлэг, сургууль барьж чадахаа болиод байгаа. Иймээс Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн УИХ-аас заавал хувь хэмжээ тогтоож өгөх ёстой гэж улирсан сурагчийн хувьд санал гаргасан нь овоо дэмжигдлээ.

Байнгын хороо 15 хүүхэдтэй хуралдаж, 13 оны төсвийн тодотголоор санхүүжүүлэх обьектүүдийн жагсаалтаас эзгүй гишүүдийн санал цувран унаж, эзэн нь сахиж суугаа зарим нь эрхбиш хэдэн санал чангааснаар нэгдсэн хуралдааны босго давах юм бараг үлдсэнгүй. Хот, хөдөөгөөрөө талцаж яс үзэлцвэл хотынхон үсгүй хусуулах бололтой.

Ааяа доктор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ