БЗД-т нөхөн сонгууль болж байна

Энэ сарын 19-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн долдугаар хороонд дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль болсон. Гэвч ирц хүрээгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан билээ. Тэгвэл уг нөхөн сонгууль яг одоо Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дээр болж байна. Сонгуульд иргэдийг идэвхтэй оролцуулах үүднээс гар утасны нэгжээр урамшуулж байгаа аж. Баянзүрх дүүргийн долдугаар хорооны 18,19 дүгээр хэсгийн хороонд АН-аас Баянзүрх дүүргийн АН-ын Тамгын газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас өмнө нь тус хороонд нэр дэвшиж байсан залуу бизнесмэн Э.Бат-Амгалан, МАХН-аас улс төр судлаач Л.Эрдэнэтуул нар нэр дэвшиж байгаа юм. Баянзүрх дүүргийн ИТХ-д ажиллаж байсан “NBS” телевизийн захирал С.Наранбаатар өнгөрсөн хоёрдугаар сард зуурдаар нас барсан тул ийнхүү нөхөн сонгуулийг явуулж байгаа юм. Сонгогчдын ирц 50 хувьд хүрч байж нөхөн сонгуулийг хүчинтэйд тооцох бөгөөд нөхөн сонгууль өнөөдөр 22 цаг хүртэл үргэлжилнэ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ