Н.Энхбаяр МАН-тай нэгдэх үүрэг өгсөн үү

МАН-ын XXVII Их хурал өчигдөр эхэллээ.
Шинэчлэлийн салхи сэвэлзсэн хурал болох нь хэмээн таамаглаж байгаа нэгэн байхад шинэчлэл нэрийн дор нам доторх лидерүүдийн өрсөлдөөн болсон хурал болох нь тодорхой гэж үзэж байгаа хүмүүс ч байна.
Гагцхүү энэхүү таамаг хурлын төгсгөлд шийдэгдэнэ.
Харин өчигдрийн хуралдаанаар анхаарал татсан асуудал бол МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын мэндчилгээ байлаа. Хэдийгээр нэгэн цагт нэг нам байсан ч түүнийг ийнхүү өөрийн биеэр хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэн нь хэн бүхэнд сонин санагдав. Учир нь Г.Шийлэгдамбын мэндчилгээний дараахан МАХН-аас “МАН-ын Их хурлын уур амьсгалыг МАХН-ын илгээлт сэргээв” гэсэн утга бүхий бор шувууг ниссэн юм.
Тодруулбал, “МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илгээлтээ уншиж сонордуулсан явдал нь их хурлын гишүүд дэмжигчдийнх нь зүрхийг булиглуулаад амжсан бололтой. МАХН-ын илгээлтийг хүлээж байсан мэт МАН-ын их хурлын төлөөлөгчид халуун дотно алга ташилтаар хүлээн авч, хурлын уур амьсгалыг сэргээв. Ямартай ч МАН-ын эгэл жирийн гишүүд дэмжигчдийн дунд МАХН-ын байр суурь бат бөх оршсоор байгааг эл дүр зургаас харж болохоор байв. МАН-ын энгийн гишүүд дэмжигчдийн дунд багагүй дэмжлэг хүлээж, “Ашгүй дээ ингэж МАН биш МАХН болох нь” гэсэн бор шувуу болон даамжирсан хэрэг. Өөрөөр хэлбэл, МАН-ын жинхэнэ шинэчлэл бол дарга цэргээ солих биш МАХН-тай нэгдэж, үзэл бодол байр сууриа бэхжүүлэх явдал гэдгийг харуулсан байж болох талтай” гэсэн бор шувууг нисгэсэн. Гэхдээ энэхүү бор шувуу МАХН-ынхны тооцоолсон хэмжээнд нисч чадаагүй.
Ийнхүү ямар зорилгоор өөрийн биеэр хүрэлцэн ирсэн нь МАХН-аас гаргасан хэдхэн өгүүлбэрээс харагдаж байгаа юм. Гэтэл үүнийг баталж байгаа мэт Г.Шийлэгдамба илтгэлдээ “Улс, эх орны маань эрх чөлөө, тусгаар тогтнол, түүний төлөөх тэмцлийн түүхэн замнал, онол суртахуун, туулсан замын алдаа оноо, туршлага сургамж бүхэн МАХН, МАН-тай салшгүй холбоотой.
Манай орны улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийн ололт амжилтуудад эдгээр намуудын үе үеийн ахмадууд, мянга мянган гишүүд, дэмжигчид идэвхтэй хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан гэдэг нь маргашгүй үнэн.
“Монгол Ард”-аараа овоглосон манай хоёр нам угсаа гарвал, түүх, эгнээндээ нэгтгэсэн гишүүдийн бүрэлдэхүүн, баримталсан үзэл онол, чиглэсэн зорилго, хүсэл эрмэлзлэлээрээ нэгэн иш үндэстэй билээ. Монгол орондоо хууль ёс, шударга ёсыг жинхэнэ байдлаар бий болгож, эдийн засгийг хурдацтай, зөв зохистойхөгжүүлэх, эх орныхоогазар нутаг, байгаль дэлхийгээ хамгаалахын зэрэгцээ баялгийн үр шимийг тэгш шударга хуваарилах үндсэн дээр ард түмнээ сэтгэл тэнүүн, тэгш дүүрэн амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилго биднийг нэгтгэнэ” гэж дурдсан.
Үүнийг сонссон Их хурлын зарим төлөөлөгчид МАХН-тай нэгдэх гэж байгаа юм уу гэсэн асуултыг өөр хоорондоо тавьж суусан. Ямартай ч дээрх МАХН-ын гаргасан үйлдлүүдээс харахад МАХН МАН-тай нэгдэх сонирхолтой байгаа нь илэрхий байна. Хэдхэн хоногийн өмнө МАХН-ын удирдлагууд намын дарга Н.Энхбаярыгаа эргэхээр БНСУ-г зориод ирсэн.
Мэдээж намын даргын хувьд хуучин нэг далбаан дор зүтгэж явсны хувьд МАН-ын Их хурлыг анхааралтай ажиглаж байгаа нь ч тодорхой. Тэр ч утгаараа намын нөхдүүддээ заавар зөвлөгөө өгсөн нь ойлгомжтой. Харин МАН-тай нэгдэх бололцоог судалж, үйл ажиллагаагаа эхлүүл гэсэн үү гэдэг нь сонин байна. Өмнө нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “МАН-ын Их хурлыг анхааралтай ажиглаж байна. Хурлын шийдвэрээс хамаарч ...” гэсэн утга бүхий тайлбар хийж байсан билээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ