"С.В. Паушок Монголоос 1.5 тэрбум ам.доллар нэхэмжилж байсан"

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. "Алтан Дорнод Монгол"-ын захирал асан С.В.Паушок "ETV"-д өгсөн ярилцлагадаа намайг гүтгэсэн учир ийнхүү мэдээлэл хийж байна гэсэн юм. Тэрбээр "манай намын Их хурал болж байгаатай холбогдуулан зохион байгуулалтаар энэхүү үйл ажиллагааг явуулж байна. Үнэндээ бол ОХУ-ын иргэн С.В.Паушок Монголын Засгийн газраас 1.5 тэрбум ам.доллар нэхэмжилж Арбитрийн шүүхэд хандсан. Бид яаралтай арга хэмжээ авч АНУ-ын хууль зүйн багийг авч, ажиллуулан зургаан сая ам.доллар зарцуулан байж энэхүү асуудлыг монголын талд шилжүүлсэн. С.В.Паушок энэ үеэр манай Засгийн газарт хэлэлцээрийн ширээнд сууя гэсэн дарамт шахалтыг байнга өгч байсан. Гэвч бид түүнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 2011 онд 168 хуудас бүхий Арбитрийн шүүхийн шийдвэр гарч, асуудалд цэг тавьсан. Гэвч С.В.Паушок үүнийг эсэргүүцэж, монголын улс төрд нөлөөлөх гэсэн олон ордлогыг хийж эхэлсэн. Түүний нэг бол энэхүү ярилцлага. Түүний энэхүү үйлдэлд өнөөгийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хамаатай. Учир нь Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотойгоор "Алтан Дорнод Монгол" компанийн 1.5 тонн алтыг хадгалж татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон. Үүнээс нь болж С.В. Паушок Монголын Засгийн газраас 1.5 тэрбум ам.доллар нэхэмжилж, Арбитрийн шүүхэд хандсан. Харин би Хууль зүйн сайд байхдаа энэ асуудлыг хуулийн хүрээнд нь шийдвэрлүүлсэнд С.В.Паушок хорсч яваа юм" гэв.


Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ