Томоохон бүлэглэлийн захиалгаар стратегийн ордыг устгах гэж байна

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх хуулийн төслүүд дээр өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Миний зүгээс Мөнгөний бодлогын тухай хуулийн зарим зүйл заалтыг тодорхой болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тухайлбал, өнөөдөр валютын ханшны асуудал маш эмзэг сэдэв болж байна. Өсч буурч байгаа энэ байдлыг хариуцах эзэн алга байна. Үүнийг зах зээлийн "хар гар" удирдаж байгаа гэсэн тайлбарыг холбогдох байгууллагынхан өгдөг.

Хэний буруутай үйл ажиллагаанаас үүдэн ийм байдал үүсээд байгаа талаар хариуцах эзэн байдаггүй. Иймд үүнийг хариуцах эзэнтэй болгоё гэсэн саналыг дэвшүүлж байгаа. Монголбанк мөнгөний бодлого дээр тодорхой зорилтуудаа тавьж өгөх ёстой. Миний саналаар бол валютын үнийн ханшийг тогтвортой байлгана гэж ард түмэндээ хэлэх ёстой. Хаашаа ч савалж магадгүй гэж хэлж байдаг Төв банк байх ёсгүй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Энэ долоо хоногт хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн гол хуулийн төсөл бол Газрын тухай хууль. Энэхүү хуулийн төслийн анхаарал татаж байгаа нэг зүйл бол бэлчээрийг хувьчлах асуудал юм.

Бидний зүгээс бэлчээрийг хувьчлах шаардлагагүй гэж үзэж байгаа. Харин газар тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхлэн нь зохицохгүй байна гэдэг. Иймд үүнийг хуулиар зааглах өгөх нь зүйн хэрэг гэж үзэж байна. Мөн Газрын тосны тухай хуулийн төслийн ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдана.

Ажлын хэсгийн гишүүд Дорнод болон Дорноговь аймагт энэ чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Өнөөгийн мөрдөгдөж байгаа хууль нь 1991 онд батлагдсан бөгөөд зайлшгүй өөрчлөх ёстой. Намрын чуулганаар оруулна. Өнөөдөр Монгол Улс нийт олборлож байгаа газрын тосны 24 хувийг хүртдэг. Цаашдаа бол манай улс харилцан ашигтай байдлаар зохицуулагдахаар энэхүү хуулийн төсөлд тусгагдсан байгаа.

Мөн орон нутагт эрх мэдэл, санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхээр тусгасан.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Эрдэс баялгийн бодлогын баримт бичгийг баталж байгаа. Энэ бол хамгийн чухал зүйлсийн нэг. Бидний зүгээс энэхүү баримт бичигт дөрвөн үндсэн зүйлийг тусгаж байгаа. Хэн нэгэн эрх мэдэлтний бус нийт ард иргэдийн эдийн засаг хийгээд нийгмийн эрх ашгийг дээшлүүлэхэд орших ёстой. Олборлох үйлдвэрлэлийн нөлөөлөлд өртөж байгаа ард иргэдийн оролцоотойгоор гэрээ байгуулагдах нь зүйн хэрэг мөн гэж үзэж байгаа. Гуравдугаарт улстөрчид эрдэс баялгийн бодлогын шийдвэрт оролцохдоо дураараа дургихаа зогсоох ёстой. Мөн томоохон бүлэглэлийн захиалгаар стратегийн ордыг устгах гэж байна. Бие даагчдын зүгээс стратегийн ордыг байх ёстой гэж үзэж байгаа. Үүнд төрийн хяналт шалгалтыг дээшлүүлэх ёстой.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ