Авлигажсан төсвийн харгай


Саяхан сая саяар нь иддэг байсан томчууд одоо тэрбумаар идээд цадахаа байсан. Тэдний арга улам нарийсч, тендерээр амласан барилга байгууламжийнхаа өртөг зардлыг нэмсээр байгаад хэдэн он дамнуулж, улсын төсвөөс мөнгө нэмж батлуулан хувааж иддэг. Ийм аргаар төсвийн зардал хэтэрч, авлигачид өөхөлж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны төсвийн тодотголын хэрүүл маргааны үеэр авлигажсан төсөв гэж цочтол хэлсэн нь МАН-ын засаглалын үед цулайсан эрхмүүдийг улстөржиж, өөрсдийгөө өмөөрөхөд хүргэсэн.
Үнэхээр ч олон он дамжин хэрэгжиж байгаа төсөвт өртөг нь жил бүр нэмэгддэг 100 гаруй төслийн хэрэгжүүлэгч эздийн ихэнх нь МАН-ын угшилтай хүмүүс байна. Амласнаа хийж чадахгүй нэгнийг даахгүй нохой булуу хураана гэдэг ч албаар хийхгүй хойш тавьж, мөнгө нэхэж авдгийг авлигач гэхээс өөрөөр юу гэх билээ. Тэдний балгаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг, театрын олон барилгын энэ оны үлдсэн санхүүжилтийг саяхан баталсан 2013 оны төсвийн тодотголоос хасч орхив. Гэхдээ 2007 онд эхэлсэн “Заг” компанийн барьж байгаа Говь-Алтай аймгийн 500 хүний суудалтай “Алтай” чуулгын барилга, 2008 оноос хойш “Алтанбулаг трейд” компанийн дуусгаж чаддаггүй Архангай аймгийн Багшийн коллежийн барилга, 2009 онд сууриа тавьсан Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Уянга, Хэнтийн Биндэрийн сургуулийн барилгуудын гүйцэтгэгч “Самсон”, “Химон констракшн”, “Бүтээлч шинэ сонголт” компаниуд одоо хүртэл барилгын материалын үнэ нэмэгдсэн хэмээн гомдол тоочсоор өдий хүрчээ.
Жил бүр зургаан хувиар өсч буй 1,3 сая илүү хүн амтай Улаанбаатар хотын эхчүүдэд амаржих газрын орны хүрэлцээ аманд ч үгүй, хамарт ч үгүй байгаа. Гэтэл нийслэлийн Хан-Уул дүүрэгт 2010 онд шав тавьсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг “Нийслэл өргөө”, “Пума” ХХК хоёулаа хүч хавсарсан ч ашиглалтад оруулах яагаа ч үгүй байна. Баянзүрх дүүргийн төрөхийн барилгын суурийг буруу цутгаж, дараагийн гүйцэтгэгчийнхээ царайг харсаар эхчүүд хуучин Цацраг туяа эмнэлгийн хананд нэвчсэн цацрагийн нөлөөнд нярай хүүхдүүдтэйгээ хордсоор байгаа нь хий хоосон шүүмжлэл дагуулахаас хэтэрдэггүй. Түүнээс гадна Булганы Булган, Говь-Алтайн Есөнбулаг, Хөвсгөлийн Мөрөн суманд 50 ортой амаржих газрууд энэ янзаараа бол хэзээ дуусах нь бүү мэд.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Н.Гантөмөр өөрийн багцад багтсан мөнгөө сайн мэддэггүй ч юмуу, зарим хөрөнгө оруулалтын санхүүжилтийг гацааснаас ам ихтийг ангайж байхад буян ихт булаана гэгч болжээ. Одоо улсын хэмжээнд 37 сургууль, 17 цэцэрлэгийн барилга баригдаж байна. Харамсалтай нь ирэх жил ашиглалтад орох ёстой тэдгээр барилгын санхүүжилт, 1,5 их наяд төгрөгөөр сох дутсан энэ жилийн төсвийн цоорхойгоос болж бас л сунжрах төлөвтэй болов. Азидаа хоёрхонд тооцогдох Үндэсний архивын төв байрны барилгыг хэдэн жилийн өмнөөс энэ онд ашиглалтад хүлээлгэн өгнө гэж байсан авч бас л барсангүй. Өмнөх засгийн өнгөнд томоохон шоуны нэг болж байсан Дархан-Уул аймгийн 2200 хүний суудалтай, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 700 хүний суудалтай спорт цогцолборын барилгын хувь заяа тун бүрхэг байна.
“Нийслэл өргөө”, “Химон констракшн”, “Бүтээлч шинэ сонголт” зэрэг компанийн ард хүчтэй лобби хийж, хэд хэдэн төсөлд эзэн суудаг нууц ноёнтон байдаг ч үүрсэн ачаандаа үнэндээ түүртэж байна. Зарим томоохон компани далд лоббиний хүчээр авсан төслийнхөө гүйцэтгэгчээр өөр компанийг тавих явдал ч гардаг. Авлигажсан төсвийн ард дандаа ашиг хөөсөн эрх мэдэлтэй эрхмүүд гар дүрж суудгийг 2014 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийн явцад Ерөнхий сайд маань тас цохих буйзаа.
Г.Болор
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ