М.Энхболдын сонголт Сү.Батболд уу, У.Хүрэлсүх үү

“Шинэчлэл” ярьсан МАН-ынхан Их хурлаа хуралдуулж, намын даргаа сонголоо. Улс төрийн ууган хүчин болсон тэд сүүлийн таван удаагийн сонгуульд ялагдал хүлээж, золтой л дөл нь бөхчихөөгүй юм. УИХ хийгээд Орон нутгийн сонгуульд удаа дараа ялагдсан нь намын удирдлага болон гишүүд дэмжигчдийн хувьд хүндхэн цохилт болсон. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд оновчтой сунгаа хийсэн үү, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэвшүүлсэн нь уналтад ороод байсан намын нэр хүнд болон нийт гишүүд дэмжигчдийн сэтгэлд гэрэл нэмсэн юм. Гэхдээ энэ үеэс эхлэн МАН-ын залуучууд намаа шинэчлэхээр зориг шулуудан “Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулан, тэмцэж эхэлсэн. Тэмцлийн үр дүнд ч намын Бага хурлыг хуралдуулан Их хурлыг товыг гаргаж, басхүү намын даргад нэгнээ нэр дэвшүүлсэн юм. Энэ нь намаа гэсэн сэтгэлтэй хэсэг залуусын нэгдэл үү, аль эсвэл хэн нэгний явуулга байсан уу гэдэг талаар хэвлэлийнхэн хангалтай шуугиж байв.

Ямартай ч МАН гэх манай улс төрийн ууган хүчин намын даргаа сонгож, цаашид шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр 2016 оны сонгуулийг угтаж ажиллахаар болоод байна. Энэ удаагийн XXVII Их хурлын хамгийн анхаарал татаж байсан асуудал бол намыг цаашид хэн удирдан чиглүүлэх вэ. Тэрээр ямар бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллах уу зэрэг асуултууд байлаа.

Намын даргад М.Энхболд, Н.Энхболд, Ж.Энхбаяр болон Т.Аюурсайханы нэр дэвшсэн. Мөн хуралдааны үеэр хариуцлагаа үүрэн ажлаа өгч байгаа хуучин намын дарга Ө.Энхтүвшингийн илтгэл нийт гишүүд дэмжигчдэд итгэл төрүүлж, түүнийг дахин нэр дэвшүүлсэн юм. Гэвч энэхүү нэр дурдагдсан эрхмүүд “хүн чанар, хариуцлага үүрэх, олон жилийн туршлага” зэрэг шалтгаанаар нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж, хоёр хүн сунгаанд оролцсон билээ. Санал хураалтаар М.Энхболд 988 хүний санал авч, МАН-ын даргаар сонгогдсон бол Т.Аюурсайхан 88 хүний санал авсан юм. Харин намын даргад нэр нь яригдаж байсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн нэрийг заалнаас байтугай зохион байгуулалттайгаар ч дэвшүүлээгүй нь сонин.

Харин өнөөдөр намын Бага хурал хуралдаж, намын “гал тогоо”-г удирдах генсекийг сонгоно. Мөн шинэчлэн баталсан дүрмийн дагуу бусад нарийн бичгийн дарга болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгоно. Намын дүрмийн дагуу намын дарга нь Ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгоно.

Өнөөдрийн байдлаар нэр бүхий эрхмүүд генсекийн суудалд өрсөлдөж байгаа. Тэднээс нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар болон “Монголын Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат нар хамгийн магадлал өндөртэй эрхмүүд. Гэхдээ дүрмийн дагуу намын дарга нь Ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгодог учир Д.Цогтбаатар болон Ж.Мөнхбат нар илүү боломжтой. Учир нь М.Энхболд намын дарга болоход түүний зам дардан байгаагүй нь ойлгомжтой. Нам доторх франкцаас бүхий л зүйл хамаарна. Д.Цогтбаатар бол мэдээж Сү.Батболдын хүн. Харин Ж.Мөнхбат У.Хүрэлсүхийнх. Харин шинэ дарга маань Сү.Батболдыг уу, У.Хүрэлсүхийг үү гэдэг сонголтыг хийх л үлдсэн байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ