МАН-ын үе үеийн дарга, генсекүүд

Монголын улс төрийн амьдралд сонгуульд ялагдсан намын дарга тахимаа өгдөг жишиг тогтоосон хүн бол Б.Даш-Ёндон гуай. Энэ соёлтой жишгийг үг дуугүй дагасан улс төрийн намын удирдлага одоохондоо үгүй. 2012 оны парламентын сонгуулийн дараа огцорсон Сү.Батболд, У.Хүрэлсүх хоёр бол яс амар салахын тулд л ажлаа өгч, хариуцлага хүлээсэн нэрийн хоёр яс салсан У.Хүрэлсүх Монголдоо эс шингэж, Сү.Батболд УИХ-д араа дааж үлдэхгүй бол арьсаа хуулуулах юм чинь. Тэднийхэн Лондонд аль эрт төвхнөсөн нь түүний ац бодлыг илтгэнэ. Одоо МАН-ын ээлжит их хурлаар намын даргаа сонгоод байгаа. Тун удахгүй намынхаа даргатай хоршин ажиллах ерөнхий нарийн бичгийн дарга нь тодорно. Үүнтэй холбоотойгоор тус намын үе үеийн дарга, генсекүүдийн тухай эргэн сануулж байна.
Н.Багабанди, Н.Энхбаяр нар хуваагдлын үүдийг алгуур нээсэн үе
1997 оны хавар болсон намын XXII их хурлаар намын даргаар Н.Багабанди, ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Энхбаяр тодорч, улмаар Удирдах зөвлөлийн нас тогтсон хуучны аппаратын гишүүд ихэнх нь шинэ үеийнхнээр буюу одоогийн МАН-ын нас тогтсон томчуудаар солигдож эхэлсэн юм.
Тиймээс Н.Багабанди, Н.Энхбаяр нарын үеийг тус намын шинэ хуучин кадруудын сүлэлдсэн шилжилтийн үеийг гардан зохицуулсан, улмаар хүчтэй сөрөг хүчин бий болгож 2000 онд УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн үздэг. Гэсэн ч намын дарга, генсек хоёр цаагуураа ихээхэн зөрчил агуулж байсан тул яваандаа намын удирдлагуудын талцан хуваагдалтын үүдийг нээсэн ч гэдэг.
Зун нь намын дарга Н.Багабанди ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тул Н.Энхбаяр намын даргаар шууд тодорсон байдаг. Энэ үеэс Н.Энхбаярын нам дахь нөлөөллийн үе эхэлсэн юм. Түүний үед буюу 1997-2005 он хүртэл намын дарга хийж байсан хугацаанд маш олон нарийн бичгийн дарга нар байсан ч бүгд Н.Энхбаярын гарын хүүхэлдэй болсон он жилүүд байлаа. Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Н.Энхбаярын хоорондох зөрчлийг арилгахын тулд Н.Энхбаяр Н.Багабандитай уулзаж ярилцах саналыг хэдэнтээ тавьсан боловч тэрээр огт хүлээж аваагүй шазууртай нэгэн. Эцэст нь Н.Энхбаяр намынхнаа Н.Багабандийн салхин доогуур ч гарахыг хориглосон.
Даргаас илүү эрх мэдэлтэй генсек буюу Сү.Батболд ба У.Хүрэлсүх
Даргаас дээгүүр эрх мэдэлтэй гэж У.Хүрэлсүхийг л хэлэх байх. Намын даргаар С.Баярыг ажиллаж байхад намын генсекийн суудалд томилогдсон тэрээр Сү.Батболдын үед ч энэ албыг хашиж байсан. МАН-ын 90 жилийн түүхэнд хамгийн том толгойтой буюу даргаас дээгүүр эрх мэдэлтэй байсан генсек бол У.Хүрэлсүх. Тэр 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө томоохон мэдэгдлүүдийг хийсэн нь намын өнөөгийн энэ хүнд байдлын эхлэл байсан. Сү.Батболд Ерөнхий сайд байсан болоод ч тэр үү У.Хүрэлсүх намын бүхий л удирдлагыг гартаа авсан байсан. Тэр ч утгаараа 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулна гэсэн бүрэн итгэлтэйгээр сонгуульд намаа удирдаж орсон ч түүний санаснаар болоогүй. Зарим мэдэгдэл нь түүний нэр хүндийг унагаж, МАН-ын хувьд ганхаж эхэлсэн байр суурьд нь нэрмээс болов.
Шүүмжлэлээр бөмбөгдүүлсэн Ө.Энхтүвшин ба Г.Занданшатар
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа олонх болж чадаагүй МАН-ынхан Бага хурлаа хуралдуулж, Сү.Батболд болон У.Хүрэлсүх нар ажлаа Ө.Энхтүвшин Г.Занданшатар нарт хүлээлгэн өгсөн. Эхний сонгуульд ялагдал хүлээсэн ч тэдэнд цаашид хоёр ч сонгуулийн даваа байсан. Гэвч орон нутаг болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж, намын нэр хүнд хийгээд гишүүд дэмжигчдийн итгэл алдарсан. Угтаа бол намыг уналтаас гаргаж чадна гэж тэднийг томилсон ч тэд юуг ч дээрдүүлж чадаагүй. Генсек нь бүр уймраа өвгөн шиг учраа олохгүй алдаануудыг тасралтгүй гаргаж, түүнийг хэн ч тоохоо больсон. Гэхдээ өмнөх сонгуулиудад ялагдал хүлээж, боломж нь хомс байсан ч Ерөнхийлөгчийн сонгуульд тэд зөв хүнээ сунгаанд өрсөлдүүлсэн нь хамгийн оновчтой сонголт болж, МАН-ын нэр хүндийг багахан хэмжээнд ч гэсэн өргөсөн зүйл болсон. Б.Бат-Эрдэнэ энэ сонгуулийг ёстой л аваргын зангаргаараа давж гарсан юм. Харин залуучууд нь намын удаа дараагийн ялагдалд хариуцлага хүлээх ёстой гэж үзэн өнөөдрийн энэ Их хурлыгхуралдуулж, тэднийг суудлаа тавьж өгөхөд хүргэсэн.
Итгэл хүлээсэн удирдлага буюу М.Энхболд ба Ж.Сүхбаатар
Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш яригдсан шинэчлэл МАН-ын хувь заяаг шийдэж байна. Залуучууд нь намын удирдлагуудтайгаа тэмцэлдэж, шинэчлэл хийхийг зорьсон. Тэр ч утгаараа XXVII Их хурал хуралдаж, намын дүрэм болон бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт хийж байна. Харин намыг цаашид хэн удирдах нь хамгийн чухал байсан. Дараагийн 2016 оны сонгуульд намыг ялагдлаас гаргаж, эрх баригч болгох хариуцлагатай үүрэг даалгаврыг МАН-ынхан УИХ-ын дэд дарга М.Энхболдод өгөөд байна. Дараагийн сонгуульд МАН ялбал тэр Ерөнхий сайд болох нь гарцаагүй. Тэрээр өмнө нь энэ албан тушаалыг хашиж үзээгүй биш, ямар ч байсан туршлага дутна гэж байхгүй. Харин хэнд “гал тогоо”-гоо өгч, хамтарч ажиллах вэ гэдэг нь сонин. Түүний “гал тогоо”-г барих генсекээр одоогийн нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарыг тодорно гэж олон хүн үзэж байна. Тэр бол намынхаа аль нэг фракцад харъяалагддаггүй, өмнө нь УИХ-ын гишүүн байсан, Засгийн газрын гал тогоонд ч чанагдаад авсан чамбай залуу. Түүнээс өөр сонголт байхгүй л болов уу. Ар талдаа л хүн хүч багатай юм даа.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ