МАН-ын Их хурлын хар, цагаан хэл амны эзэд

МАН-ын XXVII Их хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. “Шинэчлэл” нэрийн дор зохион байгуулагдаж байгаа энэхүү хуралд нийт 1134 төлөөлөгч оролцож байгаа. Эв нэгдлийн дор хуралдаж байгаа нь өмнөх их хурлуудаас ялгарах онцлог хэмээн намын удирдлага дүгнэж байсан. Хэдийгээр эв нэгдлийн дор гэгдэж байгаа ч өнгөрсөн хугацаанд алдаа оноо гаргасан намын гишүүд ч багагүй шүүмжлэл хүртсэн байна. Зарим нэгэн эрхмийн нэр нь дурдагдаж байхад тойруу замаар шүүмжлүүлэх нэгэн ч байсан.

У.Хүрэлсүх

Даргаас илүү эрх мэдэл, ямбатай тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө том толгой гаргаж хийсэн мэдэгдэл нь түүнийг өнөөдрийн энэ шаварт хутгасан. Тэрбээр “нэр сольсноор сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ” гэж түгдрэлгүй хариулсан. Гэвч тэрбээр хариуцлага хүлээгүй. Намын квотоор УИХ-ын гишүүний суудалд суусан ч хувийн шалтгаан хэмээн гишүүнээс татгалзаж, алс хол Австрали орныг зорьсон. Их хуралдаа оролцоогүй түүнийг хамгийн шүүмжлэл дагуулсан эрхмээр тодруулаад байгаа сурагтай.

Сү.Батболд

У.Хүрэлсүхэд өгч байгаа төлөөлөгчдийн шүүмжлэл яалт ч үгүй Сү.Батболдод хамаатай. Учир нь тэрбээр намын даргын албыг хашиж байсан бөгөөд удирдан чиглүүлсэн нам нь сонгуульд ялагдсан. Сонгуулийн ялагдлыг шалтгаанаа ч тодорхойлолгүй даргын суудлаа шилжүүлж, намын ажлаас хөндийрсөн. Түүнийг МАХН байсан нэрийг МАН болгон өөрчилсөнд буруутгаж байна. Намын нэрийг дур зоргоороо өөрчилсөн нь олон удаагийн сонгуулийн ялагдлын шалтгаан бөгөөд түүнд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа их хурлын төлөөлөгчдийн бүлэглэл ч байна. Түүний нэрийг дурдаж, шүүмжлэл хэлэх нь бага ч гэсэн тойруу замаар илэрхийлсэн нь олон.

Э.Мөнх-Очир

МАН-аас хайр ивээлийг нь хүртэгсэд ч “хөлөг”-нөөсөө бууж, намаасаа сэмхэн зугтаж эхэлсэн.Түүний тод жишээ Э.Мөнх-Очир. Тэр ч утгаараа өнөөдөр намын их хурлын төлөөлөгчдөөс багагүй шүүмжлэл хүртэж байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн үеэр араас нь “хутгалсан” нэгэн энэ нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхтэй таагүй харилцаанаас үүдэлтэй юм. Тэр ч утгаараа гараа ч хөдөлгөхгүй, сууж байгаад “Ерөнхийлөгчийн сонгуульд нам ялагдаасай. Дараа их хурлаа хуралдуулж МАН-ын дарга, генсек, нарийн бичгийн дарга болчих юмсан” гэж сэрүүн зүүдэлж яваа хүмүүсийн нэг байсан. Энэ байдалд нь ундууцсан намын нөхдүүд их хурлын үеэр сануулга, шаардлагаар бөмбөгдөж, хариуцлага оноох ёстой гэж дүгнэсэн байна.

Д.Арвин

Шүүмжлэлийн салхийг Д.Арвин гишүүн эхлүүлжээ. Олон жил МАН-ын сонгогчдын саналаар УИХ-д суусан хэрнээ АН-д элссэнд нь бухимдсан хүмүүсийн тоо олон байна. Ялангуяа Хэнтийн аймгаас Их хуралд оролцож буй төлөөлөгчид түүнийг маш их шүүмжилжээ. Хэнтий аймгаас сонгогдсон тойрогтоо ажил хийхгүй байсан, мөн дутуу орхисон ажил олон байгаа хэмээн бухимдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ