МАН-ын генсекээр сонгогдсон Ж.Мөнхбат гэж хэн бэ

МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Мөнхбатыг сонгосон. Тодруулбал, Ж.Мөнхбат нийт гишүүдийн 55 хувийн саналыг авч ийнхүү сонгогдсон билээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Цогтбаатар, Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, Б.Энхмандах нар албан ёсоор нэр дэвшихээ мэдэгдээд байсан. Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар нарыг МАН-ын шинэ дарга М.Энхболд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн юм. Ингээд Бага хурлын гишүүдээс олонхийн саналаар сонгогдсон МАН-ын шинэ генсек Ж.Мөнхбатын намтарыг дэлгэрэнгүй хүргэж байна.

Тэрбээр 1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын хоёрдугаар төрөхөд төрсөн. 34 настай, морь жилтэй. Батцэнгэл сумын уугуул.
1995 онд Архангай аймгийн Тунгалагтамир хоршооллын найман жилийн хоёрдугаар дунд сургууль,
1997 онд Архангай аймгийн арван жилийн “Авъяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургууль,
2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.
2008 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцсан.
2002-2003 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, 2003-2004 онд УИХ-ын даргын шадар туслах,
2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт,
2005-2007 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч,
2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд дарга,
2011 оны зургадугаар сараас Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байгаа юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ