Х.Тэмүүжин Ш.Батхүүгийн талаар улс төрийн захиалгаар дуугарав уу

“Жаст” группын ерөнхийлөгч асан хуучнаар "Хадгаламж" банкны эзэмшигч Ш.Батхүүд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Түүнийг хуурамч бичиг баримт үйлдэн, “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргэж төлөөгүй гэх. Хэдийгээр өөрөө ТӨХ болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж мэдүүлж байгаа ч гарын үсэг хуурамч эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа юм.

Түүний энэхүү үйлдлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Ш.Батхүү “Би хуурамчаар гарын үсэг үйлдсэн” гэдгээ хүлээсэн. Хуурамчаар үйлдсэн гэдэг нь нотлогдвол “Эрдэнэт”-ийн Ж.Ганзориг нарын олон хүн хэрэгтэн биш болно. Хамгийн гол нь Монгол Улс 140 гаруй сая долларын өрөнд орчихоод тухайн банк нь Засгийн газраас нэхэж байгаа. Тиймээс шалгалтыг нэлээн нарийн явуулж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Учир нь Өмнөд Африкийн “Стандарт” банк Ш.Батхүүд зээлсэн мөнгөө Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилжээ. Тодруулбал, тус банкныхан “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж зээл олгохдоо хуурамч бичиг баримтыг үндэслээгүй гэж мэдэгдэж байгаа билээ. Тиймээс ганц Ш.Батхүүгийн мэдүүлгээр хэргийг шийдвэл Засгийн газар өрөнд унаж, харин цаад эзэд болох"Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нар хэрэгт холбогдолгүй болж үлдэнэ гэх агуулгатай мэдэгдлийг хийж байв.

Тэгвэл Х.Тэмүүжин сайдын уг мэдэгдлийг ЦЕГ-ын хэвлэлийн албанаас үгүйсгэлээ. Тодруулбал, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн “140 гаруй сая долларыг Монгол Улсын засгийн газраас нэхэмжилсэн гэсэн бичиг ирсэн нь худал. Ор үндэсгүй мэдээлэл. Улсын Мөрдөн байцаах газарт шалгагдаж буй хавтаст хэрэгт Ш.Батхүү гэдэг хүний "Стандарт" банкнаас 140 гаруй сая доллар нэхэж байна гэсэн нэхэмжлэл ирээгүй. Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж магадгүй гэж шалгаж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Эндээс үзэхэд Салбарын сайд үнэн ярив уу, ЦЕГ-ын эх сурвалж үнэн үү гэдэг нь сонирхол татаж байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ