У.Хүрэлсүхийн "үргэлжлэл"

МАН-ын XXVII Их хурал амжилттай болж өндөрлөлөө. Таван өдрийн туршид хуралдсан энэхүү хурлаар МАН дүрмэндээ өөрчлөлт оруулан дараагийн 2016 оны УИХ-ын сонгуульд шинэ бүтэц, удирдлагатайгаар оролцохоор боллоо. Харин энэхүү хурлын хамгийн анхаарал татаж байсан асуудал бол намын удирдлага. Намын даргаар туршлагатай улстөрч М.Энхболд томилогдсон. Түүний даргын албан тушаалд сонгогдох нь хэдийнэ тодорхой байсан учир анхаарал татаж чадаагүй. Харин намын “гал тогоо”-г хэн чиглүүлэх нь хамгийн анхаарал татсан асуудал байлаа. Тэр ч утгаараа дөрвөн хүн нэр дэвшсэн.

Ийнхүү МАН-ын шинэхэн дарга гар нийлэн ажиллах хүнээр Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар нарын нэрийг дэвшүүлсэн. Бага хурлын гишүүдийн 55 хувийн саналаар Ж.Мөнхбат намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Хэдийгээр М.Энхболдын хувьд хоёр хүний нэр дэвшүүлж байгаа нь харагдах байдлаасаахамгийн боломжит хувилбар. Энэ бол алтан дундажийг баримтлах зарчим. Учир нь намын нийт гишүүд дэмжигчдийн хувьд Ж.Сүхбаатарыг дэмжиж байсан. Тэр ч утгаараа Их хурлын үеэр түүний багагүй нэр яригдаж, барагтай л хэвлэлүүд түүнийг дарга боллоо хэмээн бичиж, ярих нь холгүй байсан. Ийм цаг үед М.Энхболдын энэхүү хоёр хүний нэрийг дэвшүүлсэн нь хэдийнэ хийсэн тохироог нуун далдлах гэсэн зальжин арга байлаа.

Гэхдээ энэхүү албан тушаал аль эртний тохироо нь хийгдэж, томилогдсон байсан юм. Учир нь Ж.Мөнхбат бол У.Хүрэлсүхийн хүн. Тэр ч утгаараа дэмжигч олонтой. Харин Ж.Сүхбаатарын хувьд бараг л ганцаарчилсан тоглолт хийхээс өөр аргагүй байдалтай хүч тэнцвэргүй тулаанд орсон. У.Хүрэлсүх 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа ажлаа өгч, УИХ-ын гишүүний суудалд тухласан. Гэхдээ зүгээр ч нэг өгөөгүй. Тэрээр өөрийн албыг өөрийн хүнээр үргэлжлүүлэхээр шийдсэн. Тэр бол Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Занданшатар. Нэг фракцад багтаж байдаг тэдний хувьд ийнхүү өөрийн хүндээ суудлаа тавьж өглөө.

Ийнхүү М.Энхболд дарга У.Хүрэлсүхийг сонголоо. У.Хүрэлсүх хүчний хувьд уу, хүний олны хувьд уу ямартай ч Сү.Батболдыг ялан дийллээ. Улс төрийн ууган хүчний генсекийн суудалд У.Хүрэлсүхийн фракц сүүлийн найман жил “ноёрхлоо”. Түүний “амь” ийнхүү Ж.Мөнхбатаар үргэлжлэл болж, тасрахгүй нь.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ