"Чингис бонд"-ын зээлийн хүүнд 160 цэцэрлэг барих мөнгө өгч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Чингис бонд"-ын талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд "Чингис" бондын талаар асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн А.Тлейхан "өнөөдрийн байдлаар "Чингис бонд"-ын зээлийн хүүнд 160 цэцэрлэг барих мөнгөө өгч байна. Бондныхоо нэг хэсгийг нь зарцуулж чадаагүй юм байна. Есөн чиглэлд зарцуулсан юм байна. Ихэнх нь замд зарцуулсан тоо харагдаж байна. Мэдээж хийж байгаа зүйлд сайн зүйл байлгүй яах вэ. Гэхдээ эдийн засгийн үр ашигтай төсөлд зарцуулах ёстой. Энэ бондын мөнгө үр ашигтай төсөлд зарцуулсан гэдэг нотолгоо байна уу. Мөн 100 гаруй төслийн гүйцэтгэгчийг нь хэрхэн шалгаруулсан бэ. Энэ зээл хууль ёсны болсон уу гэдэг мэдээллийг ил тод болгож өгөөч. УИХ-ын хяналтын механизм бий болгоё гэсэн. Тэр нь биелэхгүй байгаа. Бондын хүү төлөөгүй гэж яриад байгаа юм. Төлсөн байж төлөөгүй гээд байх юм аа.

Харин түүний асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Ойлголтоо нэг болгомоор байгаа юм. Есөн чиглэлээр зарцуулсан гээд дэлгэрэнгүй сайхан танилцуулчихлаа. Үр ашиг гэдэг нь өөр өөр ойлголт шүү дээ. Зам тавьж байгаа нь үр ашиггүй юм шиг харагдаж байгаа ч яваандаа үр ашгаа өгнө шүү дээ. Манай Засгийн газар бүх зүйлийг ил тод болгосон. Зам барьж байгаа компанийн нөхөр утсаа бичихийг хүртэл шаардаж байгаа. Ямар нэгэн ар өврийн зүйл байхгүй."

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ