Урсгал зардлыг танаснаар 160 тэрбум төгрөг хэмнэх боломжтой

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаж, 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэхүү хуулийн төсөл дээр намын бүлгүүдээс хамтарсан ажлын хэсэг гарч, дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтийг бүлгийн хуралдаанд танилцууллаа. Тус бүлгийн хувьд урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлыг танах нь зүйтэй гэсэн байр суурьт нэгдсэн байна. Урсгал зардалд багтах төрийн байгууллагын сандал ширээ солих, гадаад томилолтын зардал, автомашины худалдан авах болон арга хэмжээний зардлыг танах нь зүйтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, урсгал зардал 10 хувиас доошгүй байх ёстой гэсэн зарчим баримтлах санал гаргажээ. Ийнхүү урсгал зардлыг танаснаар 160 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоог гаргажээ. Тухайлбал, хорих анги шинээр нэмж барихаар 37 тэрбум төгрөг төсөвт суулгасныг хасах, загасны аж ахуйг дэмжих зорилгоор нэг тэрбум төгрөг төсөвлөснийг хасах зэргээр урсгал зардал, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг танаснаар урсгал зардлаас 160 орчим тэрбум, хөрөнгө оруулалтаас 200 орчим, нийт 360 тэрбум төгрөг танах боломжтой гэж эвслийн бүлгийн гишүүд үзсэн байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ