Д.Эрдэнэбат: 289 объектод аудитын шалгалт хийсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, байр сууриа илэрхийллээ. Бүлгийн зүгээс 2014 оны төсвөөс урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардлыг танах нь ёстой гэж үзжээ. Мөн 2014 оны төсөвт 731 объектод хөрөнгө оруулах санал оруулж ирсэн байна. Үүнээс 289 объектод аудитын шалгалт хийжээ. Аудитын санал дүгнэлтээр зайлшгүй эргэн харах, хянах шаардлагатай объектууд байгаа, үүнийг хянахад тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй, тиймээс заримыг нь 2014, 2015 онд царцаах нь зүйтэй гэх санал гаргажээ. Үүнээс хугацаа хэтэрсэн, төсөвт өртөг нь нэмэгдсэн, ажил нь хийгдээгүй байгаа, хяналт шалгалт шаардлагатай байгаа 181 объектод 289 тэрбумын хөрөнгө оруулахаар тусгажээ. Мөн ажил нь эхлээгүй, төсөлгүй, гүйцэтгэгчгүй, газрын зөвшөөрөлгүй 46 объектыг 2014, 2015 онд төсвөөс нэг мөр хасах санал гаргасан байна.

Үүнээс гадна АН-ын бүлэг урсгал зардлаа хэмнэж чадсан төсвийн байгууллага хэмнэсэн мөнгөөрөө ажилчдын цалинг нэмэгдүүлдэг зарчим баримтлах нь зүйтэй гэсэн санал гаргасан байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ