Хоёр бүлгийн зөрүүтэй байр суурь

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, өөрсдийн байр суурийг нэгтгэсэн юм. Төсвийн тухай хуулиар энэ сарын 10-ны дотор төсөв батлах ёстой. Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх байсан ч намын бүлгүүдээс ажлын хэсэг гарч, 2014 оны төсвийн төслийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлуулсан юм. Иймд энэ долоо хоногтоо багтааж, 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн шийдэх ёстой. Намын бүлгүүдээс гарсан ажлын хэсэг нэгдсэн нэг ойлголтод хүрсэн байх гэсэн дүгнэлтийг өгч байсан. Гэвч нэгдсэн ойлголтод хүрээгүй бололтой.
Өнөөдөр хийсэн МАН болон Ардчилсан намын бүлгийн байр суурь зөрүүтэй байна. Учир нь Ардчилсан намын зүгээс "289 объектод аудитын шалгалт хийсэн. Аудитын санал дүгнэлтээр зайлшгүй эргэн харах, хянах шаардлагатай объектууд байгаа, үүнийг хянахад тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй. Тиймээс заримыг нь 2014, 2015 онд царцаах нь зүйтэй гэх санал гаргасан. Үүнээс ажил нь эхлээгүй, төсөлгүй, гүйцэтгэгчгүй, газрын зөвшөөрөлгүй 46 объектыг 2014, 2015 онд төсвөөс нэг мөр хасах санал гаргасан" гэсэн юм. Гэтэл МАН-ын бүлэг "289 барилга аудитын шалгалтаар оруулсан. Ямар ч барилгыг царцаах шийдвэр гараагүй. Энэ тухай АН-тай тохиролцсон" гэсэн мэдээллийг өгсөн юм.
Ямартай ч намын бүлгүүдээс хамтарсан ажлын хэсэг гарч, байр сууриа нэгтгэсэн. Гэтэл танхмаас гарсан даруйдаа тэдний байр суурь өөрчлөгдсөн үү, өөр өөр байр суурийг илэрхийлж байна. Энэ байдал нь 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад тушаа болж магад. Иймд эртхэн энэхүү асуудалд анхаарлаа хандуулж, байр сууриа нэгтгэх нь зүйн хэрэг байх аа.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ