"Унадаг дугуйтай Улаанбаатар" төсөлд 35 тэрбумыг зарцуулна

Монголын залуучуудын холбооноос санаачилсан "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийг "УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг"-ээр дамжуулан УИХ-д өргөн барилаа. Ард иргэдийн санал хүсэлт тулгуурласан энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотод унадаг дугуйны 186,7 километрийг замыг гурван жилийн хугацаанд тавих бөгөөд эхний ээлж болох 58 километрийн ажлыг ирэх онд эхлүүлэх аж. Нийтдээ 35 тэрбумын төгрөгийн санхүүжилттэй энэхүү төслийн үр дүнд Улаанбаатар хотын аль ч цэгт унадаг дугуйгаар хүрэх боломжтой болно. Төслийн эхний ажил болох 58 километрийн санхүүжилт болох 10 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгуулахаар "УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг"-ээр дамжуулан УИХ-д өргөн барьж байна.
Энэ үеэр МЗХ-ын ерөнхийлөгч А.Мөнхбатаас дараах зүйлийг тодруулсан юм.
-Унадаг дугуйтай Улаанбаатар төсөл ямар шатлалтайгаар хэрэгжих вэ?
-Унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлснээр замын түгжрэл болон агаарын бохирдол тодорхой түвшинд багасна. Мөн хүүхэд залуучууд цаашлаад бүх насныхны эрүүл, идэвхтэй амьдралд уриалан, амьдралын шинэ зөв хэмнэлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой. Төслийн хувьд гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд эхний ээлж болох 58 километр замын ажлыг ирэх онд эхлүүлнэ. Харин үлдсэн замыг 2015, 2016 онд тавина гэсэн тооцоо судалгаа гарсан байгаа.
-Санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Нийтдээ 35 тэрбумын хөрөнгө шаардагдах бөгөөд үүнийг улсын төсвөөс гаргуулахаар зорьж байна. Энэхүү 35 тэрбум төгрөг нь зөвхөн зам болон замын тэмдэглэгээ тавихад зарцуулагдана. Харин төслийн хүрээнд хийгдэж байгаа иж бүрэн унадаг дугуйны 99 зогсоолыг хувийн хэвшлийхэн өөрсдийн хөрөнгөөр барихаар болсон. Гэхдээ энэхүү 35 тэрбум төгрөг манай байгууллагаар дамжихгүй. Улаанбаатар хотын төсөвт тусгагдаад хэрэгжинэ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ