"Дэлхийн эдийн засгийн форумд яригдах нэг том сэдэв бол Монгол Улс"

Лондон хотноо өнгөрсөн аравдугаар сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 2-нийг хүртэл өдрүүдэд болсон "Нээлттэй засаглал түншлэл" сайд нарын хэмжээний уулзалтад УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тэргүүтэй албаныхан оролцсон. Энэ тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс өнөөдөр сэтгүүлчпдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Нээлттэй засаглал түншлэл" уулзалтад оролцсоны үр дүнд хийж хэрэгжүүлэх гурван үндсэн ажлыг Засгийн газарт танилцуулаад байгаа аж. Үүнд, төрийн үйлчилгээг нээлттэй болгох, төрийн үйлчилгээг сайжруулах, шударга ёсыг бэхжүүлэх гэсэн зүйлүүд багтаж байгаа юм. Түүнээс гадна нээлттэй гэрээллийн түншлэл буюу уул уурхай болон томоохон гэрээ хэлцлийн үйл ажиллагааг ил тод болгох, шилэн данс буюу төрийн хийж буй бүх гүйлгээг ард түмэн чөлөөтэй хянах боломжийг бүрдүүлэх, шилэн тендер буюу худалдан авалт, тендер сонгон шалгаруулатыг ил тод байлгах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг "Лондонд ажиллах үеэр дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдыг оролцуулсан уулзалтыг зохион байгуулж, шинэ батлагдсан Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиа танилцуулсан, мөн дэлхийн томоохон эдийн засагчидтай уулзалт хийж Монгол Улсын эдийн засгийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлон ярилцлаа. Үүний үр дүнд ирэх нэгдүгээр сард Швейцарьт болох Дэлхийн эдийн засгийн форумд яригдах нэг том сэдэв нь Монгол Улс байх болно" гэв.
"Нээлттэй засаглал түншлэл" нь өөрөө 2011 онд найман улсын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч өдгөө 61 улсын хамарсан гишүүнчлэлтэй болоод байгаа юм.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ