О.Баасанхүү: Засгийн газар УИХ-иас илүү эрх мэдэлтэй байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын 122 тоот тогтоолоор Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Ямар үндэслэлээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хуулийн Цэцэд өгөх болов?
-Засгийн газрын 122 тоот тогтоолоор шийдвэрээр төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Батлан хамгаалах яамтай нийлүүлсэн. Энэ нь Батлан хамгаалах яам болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг нийлүүлэхэд тэнд ажиллаж буй эмч нарын орон тоо нэмэгдэнэ гэсэн үг. Орон тоо нэмэгдвэл дагаад төсөв нэмэгдэнэ. Харин орон тоо, төсвийг УИХ-ын тогтоолоор оруулж шийдэх үүрэгтэй байдаг. Гэтэл Засгийн газрын 122 тоот тогтоолын хоёр дахь хэсэгт “... Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эзэмшиж, ашиглаж байгаа барилга байгууламжаас бусад эд хөрөнгийг балансаас балансад орон тоо, төсвийн хамт Батлан хамгаалахын сайдын төсвийн багцад шилжүүлэх арга хэмжээ авахыг ... даалгасугай” гэсэн байна. Үүнийг УИХ шийдэх ёстой. Харин Засгийн газарт ийм шийдвэр гаргах эрх байхгүй. Засгийн газар УИХ-иас илүү эрх мэдэлтэй байна. Энэхүү Ерөнхий сайдын шийдвэр нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т “... хууль дээлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн”, 25-р зүйлийн 1.7-д заасан “УИХ... улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах”, 38-р зүйлийн 38.2.2-т “Засгийн газар... улсын төсвийг боловсруулж, УИХ-д өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх”, 45-р зүйлийн 45.1-д заасан “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээдотор тогтоол гаргах”, 70-р зүйлийн 70.1-д заасан “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр... бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчисөн байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн 66-р зүйл, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуулийн 16-д заасныг тус тус үндэслэн энэхүү өргөдлийг гаргасан юм.
-Засгийн газрын энэхүү тогтоолыг хэн хүчингүй болгох вэ?
-Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох хоёр эрх байдаг. Нэг нь Засгийн газар өөрөө тогтоолыг хүчингүй болгож болно. Нөгөө нь хэрвээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгож болно.
-Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргахаасаа өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзсан уу?
-Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзсан. Түүнд энэхүү 122 тоот тогтоол хууль зөрчиж байгаа талаар тайлбарлан хүчингүй болгохыг хүссэн. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хуулийн Цэцэд хандах эсэх нь таны хэрэг гэсэн хариултыг өгсөн.
-Үндсэн хуулийн Цэцээс таны өргөлдийн хариуг өгсөн үү?
-Үндсэн хуулийн Цэц хуулийн дагуу шийдвэрлэнэ. Энэ нь гурав хоногийн дотор асуудлыг аль нэг шүүгчид хуваарилна. Улмаар хуваарилж авсан шүүгч нь 14 хоногийн дотор хариу өгөх ёстой. Надад ирсэн мэдээллээр энэ асуудал Б.Сарантуяа шүүгчид хуваарилагдсан бөгөөд одоо судлах шатандаа явж байгаа гэсэн.
-Төрийн албан хаагчдын эмнэлэг бол стандартын дагуу баригдсан ганц эмнэлэг биздээ?
-Тийм ээ. Манайхан олонхиороо гэдгээр далимдуулан эмнэлгийг устгах гээд байна. Ганц стандартаар баригдсан энэхүү эмнэлгийг устгаж болохгүй л гээд зүтгээд байгаа минь энэ.
-Шүүгч нарын цалинг нэмлээ. Хууль хүний хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Дэлхийн жишигт шүүгч нарын цалин төрийн албан хаагчаас 10 хувь, 20 хувь илүү байх тохиолдол байдаг. Түүнээс биш найм дахин илүү байдаггүй юм. Тэгэхээр миний үзэж байгаагаар шүүгч нарын цалинг нэмж болно. Харин эмч, асрагч, багш зэрэг бусад салбарын ажилчдын цалинг яг ижилхэн нэмэх ёстой. Яагаад гэвэл Үндсэн хуулинд хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдаг шүү дээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ