МАН ирэх оны төсвийг барьцаалав

Өнгөрсөн долоо хоногийн улс төрийн хамгийн чухал үйл явдал бол 2014 оны Төсвийн тухай хууль, түүнийг дагалдах хуулийн төслүүд хэлэлцэх асуудал байсан. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсоор эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэж чадалгүй 2014 оны төсвийн хуулийн төслийг гацаанд орууллаа.

УИХ дахь намын бүлгүүдээс ажлын хэсэг гарч, хуулийн төсөл дээр ажилласан боловч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа нь энэхүү хуулийн төсөл гацаанд ороход хүргэсэн юм.

Анх удаагаа 2014 оны төсвийн хуулийн төсөлд Авлигатай тэмцэх газраас шалгалт оруулж, зарим нэг “но”-г илрүүлээд байгаа юм. Энэ ч утгаараа намын бүлгүүд улс орны эдийн засгийн эрх ашгаас илүүтэйгээр намчирхсан үзэл баримтлалаар төсөвд хандаж байна хэмээн шүүмжлэх судлаачид байна.

Ардчилсан намын бүлгийн зүгээс МАН-ын бүлэгтэй тохиролцоонд хүрч чадсан гэсэн тайлбарыг өгсөн боловч МАН-ын бүлгээс тохиролцоонд хүрээгүй гэсэн зөрүүтэй мэдэгдлийг хийсэн.

Хуулийн дагуу бол энэ сарын 2014 оны Төсвийн тухай хуулийг 15-ны дотор батлах ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар энэхүү хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо хийгээгүй байна.

Намын бүлгүүд санал нэгдэх чадахгүй байгаа нь Төсвийн байнгын хороо зарлан хуралдуулах боломжгүй болгосон юм. Төсвийн байнгын хороо 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсний дараагаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орох юм.

Хэрвээ ирэх оны төсвийг энэ сарын 15-ны дотор батлаж чадахгүй бол УИХ тарах хуультай. Гэхдээ тэд тарахгүй тулд энэ долоо хоногтоо багтааж батлах нь тодорхой. Харин ямар тохиролцоонд хүрэх нь сонин. МАН байр сууриа хадгалж, Ардчилсан намыг ялан дийлэх үү гэдгийг цаг хугацаа харуулна.

Монгол ардын намын зүгээс ирэх оны төсвөөр далимдуулан байнгын хороод дахь гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Сөрөг хүчний зүгээс байнгын хороонд дээд тал нь дөрвөн гишүүн харьяалалтай байх ёстой.

Харин одоогоор Төсвийн байнгын хороо болон бусад байнгын хороонд дээд тал нь 2-3 гишүүн харьяалагдаж байгаа юм байна. Эрх баригч хүчин АН-ын бүлгээс нэг байнгын хороонд 10, “Шударга ёс” эвслийн бүлгээс 4-5 гишүүн харьяалагддаг нь шударга бус гэж цөөнхийн бүлэг үзэж буй.

Тиймээс намууд нэн тэргүүнд дээрх асуудлаар тохиролцох ёстой болж байна. Энэхүү тохиролцоонд хүрч байж ирэх оны улсын төсөв гацаанаас гарах болно.

Энэ долоо хоногт анхаарал татсан өөр нэг асуудал Чингис бондын асуудал байсан. Засгийн газар ирэх онд 2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний бонд гаргахаар төлөвлөсөн нь цөөнхийн бүлгийн эсэргүүцэлтэй тулгарсан. Учир нь Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг олон улсын зах зээлээс босгосон ч үр ашигтай төсөлд зарцуулж чадаагүй.

Зөвхөн бондын хүүгийн өр одоогоор 110 гаруй тэрбум төгрөгөөр тооцогдож байгаа. Нөхцөл байдал ийм атал ирэх онд 2 их наяд төгрөгтэй дүйх хэмжээний бонд гаргах нь гадаад өрийн дарамтыг улам нэмэгдүүлнэ. Тийм учраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа мөрдөж 2014 онд гадаад өрийг ДНБ-ний 40 хувиас хэтрүүлэхгүй байх зарчмаа хадгалах ёстой гэх байр суурийг МАН-ын бүлэг барьж буй.

Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дунд “Монгол Улс бонд гаргахгүйгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломжгүй. Монгол Улсын гадаад өр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй тул Засгийн газраас тавьж байгаа хүсэлтийг хүлээн авах ёстой. Монгол Улсын өр ДНБ-ний 60 хувьд хүрнэ гэх аргачлал ч өөрөө хуудуутай” гэх сөрөг байр суурийг илэрхийлсэн юм.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх ёстой шаардлагыг тавьсан юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2014 оны төсөлд цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгаад байсан юм.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төгрөгийн ханш унасан үед цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх нь иргэдийн амьжиргаанд бодит нөлөө үзүүлж чадахгүй, тиймээс 30 хувиар өсгөх ёстой гэсэн. Харин УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар МАН-ын бүлгээс гарсан энэхүү саналыг дэмжсэн юм. Хэрэв дээрх санал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлэг хүлээвэл ирэх онд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх боломжтой болох юм.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Батлан хамгаалахын сайд, доктор Чаба Хенде албаны хүмүүсийн хамтаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Харин Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн сайд И.Мркичийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн.

Энэхүү айлчлал нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад Гадаад харилцааны сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайд И.Дачичид бараалхсан бөгөөд Гадаад хэргийн сайд И.Мркичтай хэлэлцээ хийн, хоёр талын баримт бичигт гарын үсэг зурж, Монгол-Сербийн бизнес форумд оролцсон юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ