А.Гансүх сайдыг могойчлон ороожээ

Зам, тээврийн сайд А.Гансүхэд сүүлийн үед цөөн хэдэн улстөрчид тун дургүй болж гэнэ. Тэднийг хэн болохыг сонирхохын өмнө зам, тээврийн салбарыг шуудайтай мөнгө болгон харагч компаниудын арыг дааж зогсдог хэн гэгч улстөрч байдгийн учгийг хөвөрдвөл илүү төрх нь тодорно.

Ер нь хийж бүтээж буй нэгнийхээ араас татаж элдвээр буддаг тамын тогооны үлгэр А.Гансүх байтугайг ч тойрдоггүй нь тодорхой. Сайдыг ороолж буй хэл амны нэгээс нь дурдахад, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргаар хэн тодрох тухай асуудал байлаа.

Энэ асуудалд А.Гансүх салбарын сайдын хувиар УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж инженерийг ажлаа таван хуруу шигээ мэддэг, туршлагатайг нь харгалзан үзэж нийгэмлэгийн удирдах зөвлөлийн хуралд нь санал болгон дэмжүүлсэн байдаг.

Гэтэл улс эх орны амин чухал өнцөг булан бүрийг өнгө мөнгөөр харагчид, улстөрчид л заавал даргалах ёстой гэсэн байр суурийг үзүүлж, дээрээс нь оросуудтай нийлэн хавсайдсанаас ажлаа хийж явсан А.Гансүх сайдыг хэл ам тойрохоо больжээ.

Нарийн учрыг тодруулбал УИХ-ын гишүүн асан Д.Одхүү УБТЗ-ын даргаар очихоор оросуудтай тохироо хийчихсэн байтал А.Гансүх сайд зүгээр л нэг инженерийг санал болгож, урагшлах замын садаа нь болж орхижээ.

Бүр цаагуур нь асуудлын учгийг хөвөрдвөл оросуудтай холбоотой. Тэд Монголын уул уурхайн эрдэс баялагт сонирхлоо хандуулахын зэрэгцээ тэрхүү “сонирхол”-ыг нь дайх зам тээврийн салбарт эзэн суух нь маш том эдийн засгийн ашиг хонжоо өгөхийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа.

Тиймээс төмөр замын салбарт санаачлагыг гартаа авахаар оролдож байгаа оросуудын ашиг сонирхлыг боомилсон нь ихээхэн дургүйцэл өдөөсөн нь мэдээж. Ийм л нарийн шижмээр холбоотой элдэв хэл ам А.Гансүхийг могойчлон ороож байгаа гэнэ.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ