"Шар нунтгийн тарчлаан" хэвлэлийн хурал боллоо

МАХН-ын залуучууд болон жирийн гишүүд дэмжигчид төв байрандаа "Шар нунтгийн тарчлаан" сэдэвт хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Тэд өнгөрсөн сарын 26-ны өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Францын Гадаад хэргийн сайдтай "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ" үзэглэж, Монгол Улсад Уран олборлох ажлын эхлүүллээ хэмээн үзэж, энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Энэхүү хуралд оролцож буй иргэд цагаан өнгийн нөмрөг өмсч, "Уран олборлохоо зогсоо" гэсэн уриа бүхий бичгийг барьжээ. Тэд бидний заяагдмал болон Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн энэхүү гэрээг хийхэд АН болон МАН-ын улс төр, бизнесийн бүлэглэлийн нэр бүхий эрх мэдэлтнүүд оролцлоо гэж үзжээ. Тухайлбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Л.Болд, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, С.Баяр болон Сү.Батболд нарыг нэрлэв. Иймд энэхүү гэрээг батлахгүй байхыг УИХ-ын гишүүдэд уриалж байна гэв.

Харин энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодруулахад “Би ч мөн адил та бүгдтэй адил сонирхож харж байна. Ер нь уул ус, байгаль орчинтой холбоотой асуудал хамгийн чухал юм. Тэгэхээр байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд урантай холбоотой байр сууриа илэрхийлсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Үүнд Монгол Улсын иргэд санал бодлоо нэгтгэх хэрэгтэй. Манай төр засгийн удирдлагууд энэ байдлыг анхааралдаа авах хэрэгтэй биз. Энд ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа байхгүй. МАХН та бүхэнтэй адил байдлыг хөндлөнгөөс ажиглаж байна” гэсэн юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ