Д.Эрдэнэбат: 100 гаруй обьектыг царцаахаар санал оруулсан

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Уг хуралдаанаар Монгол Улсын зам болон төмөр замын асуудлаар ямар бодлого баримталж байгаа, эдийн засгийг 2014 онд тэлэхэд Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яамнаас эрх зүйн ямар орчинг шинэчлэх, өөрчлөх ёстой вэ гэдэг асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсчээ. АН-ын бүлгээс төмөр бодлогыг энэ сард багтаан оруулж ирэх үүргийг Засгийн газарт өгсөн юм. Энэ асуудлаар Зам тээврийн яамны бодлогыг ирэх долоо хоногт сонсох юм байна.
Харин Баялгийн сангийн тухай болон Өрийн удирдлагын тухай хуулийг ойрын үед батлан гаргах шаардлага бий. Тэгвэл Өрийн удирдлагын тухай хуулийг Сангийн яам боловсруулж дууссан бөгөөд үүнийгээ ирэх долоо хоногт АН-ын т танилцуулах юм байна. Монгол Улсын өр ямар хэмжээнд байгаа, цаашид яаж авч явах, эрх зүйн орчныг хэрхэн зохицуулах хэрэгтэй вэ гэдэг дээр цоо шинэ хандлага гаргах ёстой гэж АН-ын бүлэг үзэж байв. Тиймээс үүн дээр анхаарлаа хандуулах аж.Нөгөөтэйгүүр 2014 оны төсвийг яаравчлан батлах залшгүй болоод байгаа. Тэгвэл Төсвийн төслийг Төсвийн байнгын хороон дээр багцлаад дуусаж байгааг АН-ын бүлгийн дарга энэ үеэр хэлж байсан юм.
Тэрбээр "2014 оны төсөв дээр урсгал, үр ашиггүй зардлыг бууруулах асуудлыг үндсэндээ шийдэж байгаа гэдэгт найдаж байна. Хэмнэсэн, бууруулсан төсвийн мөнгө эргээд орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл, хөрөнгө оруулалт руу чиглэлүүлэхийг АН барьсан. Аймгийн төвийг ирээдүйн хот гэж харж байгаа учраас энэ асуудлыг хурдан шийдвэрлэх ёстой. Хүүхдийн эмнэлэг, боловсролын асуудлаар шинээр орж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг дэмжээд явахаа илэрхийлсэн. 2014 оных эрүүл төсөв гарах байх. 100 гаруй обьектыг царцаахаар санал оруулсан. Үүн дээр Төсвийн байнгын хороо ажиллаж байгаа болов уу. Үүнийгээ эргэж нягтлаад хоёрдугаар улиралд эргээд төсвийн тодотгол хийх шаардлага байгаа" гэсэн юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ