Ц.Даваасүрэн: 2014 онд нийт өр ДНБ-тэй харьцуулахад 50.3 хувь болж байгаа

Монгол Улсын 2014 төсвийн тухай хууль батлагдах цаад талын хугацаа энэ сарын 15-ны өдрөөр хязгаарлагдана. Энэ үед УИХ-ын бие даагч гишүүд ирэх оны төсөв болон энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх зарим хуулийн төслийн талаар шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

Ц.Даваасүрэн

Ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гол асуудлын нэг бол ирэх жилийн төсөв болон 2015, 2016 оны төсвийн төсөөлөл байгаа. Намын бүлгүүд, байнгын хороод дээр үндсэндээ хоёр дахь хэлэлцүүлгүүд хийгдсэн. Харин гацаа үүсч буй нэг асуудал бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай байгаа юм. Энэ нь гадаад өртэй холбоотой. Мөн төсвийн хүрээний мэдэгдэл дээр ч гэсэн ДНБ болон нийт өрийн харьцаа 40 хувиас доош байна гэсэн шалгуур зөрчигдөх гээд байгаа учир намууд бүлгүүдтэй санал солилцож байна. Энэ өрийн харьцааг хоёр жилээр л хойшлуулах тухай ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2014 онд нийт өр ДНБ-тэй харьцуулахад 50.3 хувь болж байгаа. Энэ бол сэрэмжлүүлэг юм шүү. Тэгэхээр бидний үзэж буйгаар яг өнөөгийн хөгжлийн эхэн үедээ томоохон хөрөнгө оруулалтуудад зээл авч, ирэх жилүүдэд тооцоотой зарцуулж,мөн төлөх схемээ зөв гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа.

Х.Болорчулуун

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх гол асуудлын нэг бол Алтны худалдааг ил тод болгох тухай хууль. Энэ хууль нь ер нь нэрнээсээ авахуулаад зохимжгүй болчихсон хууль. Яагаад гэвэл Засгийн газар энэ хуулийг оруулж ирэхдээ алтыг хил давуулж, нууцаар худалдаалж байна гэсэн мэдээллийг ихээр гаргасан. Үнэхээр нууцаар худалдаалж байгаа бол тэр явдлыг холбогдох байгууллагуудаа ашиглаж таслан зогсоох ёстой. Энэ хууль алтны хууль биш Алтны худалдааг ил тод болгох тухай хууль. Тэр дундаа татварын орчинг голлож хөндсөн хууль юм. Алтны татварын хувьд Монгол Улс олон улсын жишигтэй харьцуулахад харьцангуй бага. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг байхгүй болгосон, одоо харин байгалийн нөөц ашигласны таван хувийн татварыг 2.5 болгон багасгана гэж байна. Үүнийг бид эсэргүүцэж байна. Жишээлбэл, "Центра Голд" хэмээх компани одоо нийт 60 тонн алтыг гаргахад бэлэн болчихоод байгаа. Энэ мэтчилэнгээр бид татварыг буулгаснаар жилд 60-80 тэрбум төгрөг алдана гэсэн үг.

С.Ганбаатар

Монгол Улс чулуу, шороогоо зөөхгүй нэмүү өртөг бий болгож, олон төрлийн үйлдвэр барина гэж 20 жил худлаа хэлж, улстөржлөө. Одоо ийм яриагаа зогсоо. Өнгөрсөн жил буюу 2012 оны наймдугаар сарын 5-нд УИХ-ын бие даагч гишүүдийн зүгээс Төмөр, Төмөрлөгийн баяжуулах үйлдвэрээ эхний ээлжинд барина гэсэн шаардлагыг Засгийн газарт тавьж байсан. Гэтэл одоог хүртэл энэ талаар юу ч хийсэнгүй. 2014 оны улсын төсөв, Эрдэс баялгийн баримт бичгийн талаар хэлэлцэж буй энэ үед яагаад төмрийн баяжуулах үйлдвэрийн, хар төмөрлөгийн үйлдвэрийн асуудлыг ярихгүй байна вэ. Энэ асуудал дээр Засгийн газар, УИХ-д бие даагчид хүчтэй шаардлага тавьж ажиллах болно.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ