Намдаа гомдсон сэтгэлээр асуудалд хандсан уу

"Миний ойлгож байгаагаар өргөн барьсан төсвөө Сангийн сайд, Ерөнхий сайд хамгаалж, тоо болгоных нь төлөө тулалдах ёстой биз дээ. Гэтэл 20, 30 хувиар өсгөөд байхад юу ч болоогүй юм шиг “за, за” гээд явж байсан хүмүүс хариуцлага хүлээх үү, үгүй юү. Ийм хөөсрүүлсэн төсөл УИХ-д оруулж ирж батлуулсан олонхийн бүлэг хариуцлага хүлээх үү. Хөөсрүүлсэн төсвийг УИХ-д оруулж ирсэн Төсвийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны дарга хариуцлага хүлээх үү, үгүй юү. Ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэг субьект Монгол Улсын хэмээнд байна уу. Сөрөг хүчнийхээ амыг таглачихаад, бүлгийг нь байгуулж өгөхгүйгээр төсөв баталж байсан. Ийм ажлыг гардан зохион байгуулсан УИХ-ын удирдлага үүнд хариуцлага хүлээх ёстой юм уу, үгүй юү.

Нэг л асуудал байгаад байна. Бид эцсийн эцэст юу ч болоогүй юм шиг Монгол Улсын төсвийн тодотголын орлого тэдэн төгрөг, зарлага тэд гээд алх цохино. Харин хариуцлага хүлээх хүн олдохгүй байгаа бол би хариуцлага хүлээе. Би улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. УИХ-ын гишүүний хувьд 2013 оны төсвийг хэлэлцэж байхад шүүмжилж байсан. Болохгүй, буруу гэдгийг янз бүрийн хэлбэрээр илэрхийлээд эсрэг санал өгсөн. Би УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна” хэмээн мэдэгдэж байсан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнээс татгалзах өргөдлөө УИХ-ын даргад өргөн барилаа.

Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд 23 дугаар тойргоос намын нөхөр Л.Гантөмөрийн хамт сонгогдон гарч ирсэн. Гэвч сонгогдсон даруйдаа намын сул гишүүдийн нэг болж хувирсан. Угтаа бол Ардчилсан намын ледирүүдийн нэг. Гэтэл ийнхүү сул гишүүн болсон нь сонин. Тэр шинэчлэлийн гэх Н.Алтанхуягийн Засгийн газрыг эсрэг хааяа хааяа хатуухан үг чулуудаж, сүүлдээ ч намын ҮЗХ-ны гишүүнээс татгалзах хүсэлтээ ч гаргасан. Харин түүний дараагийн үйлдэл бол сар хүрэхгүйн өмнө мэдэгдээд УИХ-ын гишүүнээс татгалзаж байна. Энэ бол шат дараалан болсон зүйл. Түүний энэхүү эрс шийдэмгий шийдвэрийг улстөрчид янз бүрээр тайлбарлаж байна. Зарим нэгэн түүнийг намдаа гомдсон бөгөөд тэрхүү сэтгэл хөдлөлдөө хөтлөгдлөө гэж үзэж байна.

Учир нь тэрээр Ардчилсан нам засгийн эрхийг барьсны дараахан намынхаа нөхдөд УИХ-ын даргаар ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан боловч түүний хүсэлтийг хүлээн аваагүй. “Тийм зүйл байхгүй. Та энэ ажлыг хийхгүй” гэсэн хэдхэн үг түүнийг сул гишүүдийн байр суурь руу шилжихэд хүргэсэн бөгөөд эцэстээ энэхүү шийдвэрийг гаргахад хүргэлээ гэж дүгнэж байна. Тэр өөрийн байр суурийг салбарын төдий сайдаар тодорхойлоогүй. Түүнийгээ ч “Би бол сахар биш. Цай бүрт уусдаг сахар биш. Надад зарчим гэж бий. Би нэгэн цагт Ерөнхий сайдын албыг хашиж байсан хүн. Сайн хашсан уу, муу байсан уу гэдгээ би өөрөө биш бусад хүн хэлэх байх. Тэгээд ч би Ерөнхий сайд байсан хүн байж зиндаагаа бодож, доошоогоо бууж алба хаш­на гэж боддоггүй. Салба­рын сайд болно гэсэн ойлголт надад байхгүй” хэмээн бататган хэлсэн байдаг. Үүнээс тэр зүгээр гишүүн хийгээд явахыг хүсээгүйг харж болно.

Мөн 2004 оны УИХ-ын сонгуульд нам нь нэр дэвшүүлээгүй учир нийслэлийн Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан. Ялалт байгуулсны дараа намын нөхөд нь түүнийг буцааж элсүүлж байсан түүхтэй.

Хэдийгээр У.Хүрэлсүхийн адил өөрийн хүсэлтээр гишүүнээс татгалзаж, хариуцлага үүрч байгаа мэт дүр зураг ажиглагдаж байгаа боловч цаанаа олон учир шалтгаантай. Түүний хувьд намдаа цөөнх нэгэнд тооцогддог. Тэр өөрөө “Би АН дотор цөөнх нь үнэн. Анх үүссэн өдрөөс эхлээд л байсан. Одоо ч гэсэн цөөнх байна. Цаашид ч гэсэн байна гэдэгтээ огт эргэлзэхгүй” гэж байна. Энэ мэтчилэн түүний эсрэг намаас нь явуулсан сөрөг тактикуудад гомдсон уу гишүүнээс татгалзах хүсэлтээ өглөө.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ