“Н.Энхбаяр дарга дахин хагалгаанд орж магадгүй”

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас зарим зүйлийг тодрууллаа.
-МАХ-ын Бага чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ?
-Бага чуулган энэ сарын 24-ний өдөр хуралдана. Харин он гаргаад Их чуулганаа хуралдуулахаар төлөвлөж байна. Эдгээр чуулганыг хуралдуулахын өмнө дүүргүүдийн намын хорооны хурлыг өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа. Хуралдааны явцад зарим нэгэн гишүүн Бага чуулгантай холбогдуулан байр сууриа илэрхийсэн. Намын гишүүдийн байр суурь сөрөг байх асуудал байдаг. Гэхдээ эдгээр хурал батлагдсан журмынхаа хүрээнд хүчин төгөлдөр хэрэгжиж, зохих ёсны шийдвэр гаргасан байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн гишүүд тухайн намын байгууллагаа олонхийн шийдвэрээр шинээр байгуулсан. Тэгэхээр шинээр сонгогдсон дүүргийн дарга нартай гэрээ байгуулах, чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажлыг намынхаа дүрмийн хүрээнд хийнэ.
-Их чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ?
-Бага чуулганаараа Их чуулганаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлэнэ. Мөн Их чуулганы товыг албан ёсоор зарлана. 2013 онд МАХН-аас төвлөж явуулсан арга хэмжээнийхээ хэрэгжилтийн асуудлыг хэлэлцэнэ. Нөгөө нэг гол асуудал бол Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгуулийн үйл ажиллагааны алдаа оноо, амжилт, үр дүнг авч хэлэлцэнэ. Өмнөх Бага чуулганаар өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг ярилцана. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд дээрх асуудлын хүрээнд үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлж, намынхаа гишүүдийн санал, шүүмжийг сонсоно. Их чуулганаар маш олон асуудлыг авч үзнэ. Гол нь асуудал бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, МАХН УИХ-д дэвшүүлэн тавьсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхээр төлөвлөсөн байгаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-аас удахгүй ирнэ гэсэн мэдээлэл байна?
-Н.Энхбаяр дарга яг тэдэнд ирнэ гэдгийг барин тавин мэдээлэх боломжгүй байна. Энэ бол хувь хүний эрүүл мэндийн байдлаас шалтгааж бий болох хариулт юм. Тэгэхээр эрүүл мэндийн байдал нь харьцангуй сайжирсаны дараа эргэж ирэх байх. Н.Энхбаяр даргын хувьд зарим нэг мэс ажилбарт орсон. Харин нарийн шинжилгээ хийлгээд дахин хагалгаанд орж магадгүй гэсэн удьдчилсан мэдээ бидэнд байна. Гэхдээ ямар хагалгаанд, хэзээ орох нь тодорхойгүй байна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ