Бадамжунайгийн таргалсан, Бадамцэцэгийн турсан хоёр яг тэнцэнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 12 мянган тн нөөцийн мах бэлтгэнэ гэв. Ийм маягаар хотынхны ходоодыг баярлуулах гэсэн кампанит ажил зургаан жил гаруйн өмнөөс өрнөдөг болсон юм. Уг нь Монголын хүн ам дөнгөж гурван сая, харин 40 сая илүү толгой малтай. Жил болгон махны үнэ тэнгэрт хаддаг нь манай улсыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам байтугай Засгийн газартай юм болов уу хэмээн гадаадынхныг гайхшруулахад хүргэжээ. Цагтаа мах, махан бүтээгдэхүүн экспортолж, малыг хойд хөршдөө хөлөөр нь гаргаж, бүр БНАСАУ, Вьетнамд тусламжийн амьд мал нийлүүлж явсан Монгол Улс өнөөдөр дотооддоо нөөцийн мах бэлтгэхэд хүрсэн юм.
Монголчууд ер нь үеийн үед шинэ шөл ууна л гэж хааяа нэг хонь төхөөрдөг байсан. Учиргүй махсаад хүн амд хүрэлцэхгүй болж, нөөцлөхдөө тулаагүй баймаар. Хүн амынх нь талаас илүү нь Улаанбаатарт шавдаг юмаа гэхэд тэд бүгдээрээ хоршооноос мах авахгүй, малаа махалж сургалтын төлбөрөө хийдэг оюутнуудад ядаж нэг богийн өрөөл махыг ар гэрээс нь өвөлдөө явуулахгүй байна гэж үгүй. Амьдралаас тасархай нөөцийн мах бэлтгэлээ гэж албан тушаалтнууд нь л таргалсаар ирэв. Анх хотын захиргааны санаачлагаар эхэлсэн энэ дамын наймааны хэрэгжүүлэгч нь Т.Бадамжунай. Тэр үеийн нийслэлийн ерөнхий менежер, дараа нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд болсон. Мэдээж УИХ-ын гишүүн байсан.
Махны үнийг өсгөхгүй гэж мах нөөцлөөд байдаг манай улсад сүүлийн гурван жил дараалан хонины махны үнэ4206-7565, үхрийнх 4838-9143, адууны мах 3480-6183, ямааных 3160-5917 төгрөг болтлоо гаарчээ. Тэнгэрт хадсан энэ ханшийг л торгоох гэж 2007-2009 онд жил бүр 7000 тн, харин 2010 онд 2800, 2011 онд 16 мянган тн мах бэлтгэж нөөцөлсөн байх юм. Том тоо шүү. Том тоо өссөөр 2013 онд нийслэлд 14 мянга, Дархан, Эрдэнэт хотод мянга мянган тн мах нөөцлөхөөр Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаалаар “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр нэрийн дор жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах төсөл шалгаруулжээ.
Хамгийн гол нь хэн шалгарсан гээч. Нөгөө “Жаст”-ын “Жаст агро” ХХК Улаанбаатарт шалгарч, Дархан хотод “Баатрууд тэнгэр” ХХК, Эрдэнэтэд “Эрдмит” ХХК тодорчээ. Тэд хаврын эхэн сар шувтарч байхад амласан махныхаа 70 гаруй хувийг нөөцөлсөн гэсэн албан ёсны статистик дүнтэй сууж байсан нь гурван хотын хүн амын 3-7 дугаар сарын махны хэрэгцээний ердөө 35,7-52,6 хувийг хангана гэсэн үг. Гэхдээ дээрх гурван компани 3,8 хувийн хүүтэй 5,45 тэрбумын зээл аваад цохичихож. Тэгээд үр дүн нь ямар байсан бэ гэдгийг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн өдрөөр Чингисийн талбайд зохион байгуулсан нөөцийн махны дугаарлалд нэгнийгээ махалчих шахсан хэрэглэгчдийн оочер бэлээхэн харуулав.
Одоо мал тооллого хаяанд ирж байна. Махны үнэ манай Засгийн газрын мэдлээс хэдийнэ гарч, цөөхөн тооны мянгат малчид, махны ченжүүдийн гарт базуулдаг болсон нь нэгэнт нууц биш учраас улсын төсвөөс цөөхөн компанид хөнгөлөлттэй зээл олгож, тэдгээр нь цаанаа цөөхөн хүнийг мөнгөөр угжиж байхын хэрэг байна уу. Төр оролцож чадахгүй бол элдэв тооны зөвшөөрлөө цөөлж, хүнд суртлаа багасгаач ээ хэмээн иргэд хүсч байна. Хотноосоо шөлний ганц төлөг төхөөрсөн малчин багийн даргаасаа, бас мал эмнэлэг, цагдаагийн байгууллагаас давхар зөвшөөрөл авдаг гэх мэт наад захын шат дамжлагыг цөлөх хэрэгтэй болжээ.
Одоо шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийнхөө дагуу мал өсгөх бус, мах бэлтгэхэд зориулж лав л 12 тэрбумын хөрнгө оруулалт хийх гэж байна. Сонгуулийн өмнөх жилийн улсын төсөв эрс саамширч, эрх баригчдын галын бэлтгэл болдог хойно нөөцийн мах бэлтгэсэн Бадамжунайтангуудын таргалсан, нөөцийн маханд оочерлосон Бадамцэцэгтэнгүүдийн турсан хоёр яг тэнцдэг цаг айсуй.
Х.Аянга
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ