А.Зангад: Шалгуур үзүүлэлтээс гурвыг нь хангасан байсан

Үндэсний аудитын газрын дарга бөгөөд Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангадаас тодруулсан юм.

-2014 оны Төсвийн тухай хуульд танай байгууллагаас тодорхой саналуудыг тусгасан гэсэн?

-Хуулийн дагуу Үндэсний аудитын газраас ажлын хэсэг байгуулагдан 2014 оны төсөвт өөрийн санал дүгнэлтийг боловсруулсан оруулсан. Төсвийн тогтоосон шалгуур үзүүлэлт болох дөрвөөс нь гурвыг нь хангасан байсан. Төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлж, зарлагыг багасгах тал дээр манай байгууллагаас тодорхой саналуудыг тусгасан. Үүнд 2013 оны төсвийн төлөвлөсөн хэмжээнд төсвийн урсгал зардлыг тогтоон барьж багасгах, 2014 онд эдийн засаг, нийгэм хүнд байвал тэвчиж болох зардлуудыг танах гэсэн саналуудыг тусгасан байгаа.

-Зарим хөрөнгө оруулалтыг царцаах, цаашлаад аудитын байгууллагаас дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж цөөнхийн бүлгээс хандсан байна. Ямар асуудлаар аудитын байгууллагад хандах болсон бэ?

-МАН-ын бүлгээс хандсан. 2013 төсвийн тодотгол хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээны тухай 58 дугаар тогтоолоор долоо хоногийн хугацаанд 289 объёктын төсөвт өртөг нь нэмэгдсэн, гүйцэтгэл нь удааширсан шалтгааны тодруулахаар ажилласан. Төсөвт өртөг нь нэмэгдсэн, гүйцэтгэл нь удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоохын тулд хугацаа шаардлагатай тул хугацаа өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан байгаа. Урьдчилсан дүн гараагүй байгаа.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ