Ардчилсан нам салхивчаа онгойлгооч

Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээс гарах өргөдлөө спикерт гардуулжээ.

Энэ хүн Монгол Улсын Ерөнхий сайдын албыг ямар ч шаансгүй буюу С.Зоригийг аймшигтайгаар алуулсных нь дараах цөөхөн хоногт үүрэхээс өөр аргагүй болж явсан жинтэй улстөрч.

Түүнийг парламентын сонгуульд АН-аас нэр дэвшихийг өмнө нь дөнгөлж байсан бол одоо ганцаардуулж, УИХ-д суухад хүлцэхийн аргагүй болсны цаад учир бол цагтаа алдарт физикч Альберт Эйнштейний Английн парламентын танхимд салхивчаа онгойлгооч ээ гэсэн аргаа барсан үгийг аргагүй санагдуулна.

Өнөөдөр АН-ын дарга Н.Алтанхуяг манай Засгийн газрын Ерөнхий сайд. Түүний амьдралын философи бол өөрийнхөө өмнө гишгэж яваа нохойн гөлгийг ч болтугай араас нь эс амбаардах. Уучлаарай, амбаардах биш л дээ, дэвшүүлэх. Тэд оргилд хүрвэл Н.Алтанхуягийн оочер албан ёсоор ирнэ, ёстой мундаг санаа.

Энэ бол Увсан аймгийн Давсан сумын философич төр, засгийн эрхийг давхар баригч Н.Алтанхуягийн онол бөлгөө. Цаг нь ирж, МАН-аас АН-ын засаг илүү их бүтээн байгуулалт хийж байгаа. Ард түмэн баярлаж буй.

Харин сонгогчид Р.Амаржаргалын сонголтод эрхэм гишүүдийн үлдсэн 75 нь яг ийм өргөдлөө өгөөсэй гэсэн байдлаар хүлээн авч байна. Яагаад гэвэл манай Засгийн газрын 11-11 утсаар улайстал ярьсан иргэд шинэчлэлийн Засгийн газарт итгэл өгсөнгүй, харин ч Р.Амаржаргал эрхмийг дэмжжээ. Харамсалтай нь УИХ-ын нэр дээр санал хүсэлт ирсэнгүй, ард түмэн парламентыг байхгүйд тооцов. Тэд амьдаараа бараалхаж чадахгүй ч утсаар ярих өчүүхэн бололцоогоор хангагдав, яагаад гэвэл энэ утас иргэдээс мөнгө нэхдэггүй.

УИХ-ын гишүүний арвин сэнтийгээс сайн дураараа татгалзсан зургаахан гишүүн байдаг. Анхдагч нь хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, яруу найрагч Б.Лхагвасүрэн гээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар. Томчуудад агаар дутагдсан хэрэг.

Парламентын танхимд агаар дутагдахад шар айраг хөөсрүүлж уугаад ч тус болдогггүй. Эмнэлгүүдийн ийм эмчилгээ зүгээр л хөөс байдаг юм. Гэхдээ энэ бол аяга шанаганы асуудал огт биш, Монголын улс төрийн амьдралд цэвэр агаар дутагдаж буйн шинж. Би хувьдаа Р.Амаржаргалын сонголтыг дэмжихгүй байгаа. Ийм хүмүүс Их Хурлаас гарах юм бол бид яахав. Араас нь Ж.Батзандан, Г.Баярсайхан гээд хөвөрвөл бас яахав.

Монголдоо эс шингэх С.Баяр, хуралдаандаа эс морилж байсан “Симба” Батаа, ар гэрийн гачигдлаа амиа хаацайлах арга болгосон У.Хүрэлсүх нарын хувьд бол шал өөр хэрэг.

Харин Монголын ард түмний хувьд бол эрхэм гишүүн Р.Амаржаргалын сонголт хайран байна. Ямар Д.Ганбат, С.Баярцогт гэх мэтийн эс үгүйлэгдэх эрээвэр хураавар юмнууд биш.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ